Amazon компанийн дараагийн Prime Day хямдралын өдрүүд аравдугаар сарын 6-нд албан ёсоор эхлэх гэж байна. Үүнээс өмнө эрт эхэлсэн хямдралууд аль хэдийн гарч байгаагийн нэг нь TCL брэндийн 75 инчийн зурагт юм.

Есдүгээр сарын 25-ны байдлаар TCL 75-inch Class QM7L Series TV загварын зурагт Amazon дээр 1,197.99 ам.доллар-ын үнэтэй худалдаалагдаж байна. Энэ нь анхны 1,297.99 ам.долларын үнээс 8 хувь буюу 100 ам.доллароор хямдарсан дүн юм. Үнийн түүхийг хянадаг camelcamelcamel платформын мэдээлснээр энэ нь тус зурагтын хувьд хамгийн доод үнэ болж бүртгэгджээ.

Зурагтын онцлог ба үзүүлэлтүүд

Энэхүү загвар нь дүрсийг тод, нарийвчлалтай харуулах зорилгоор TCL Deep Color System болон Halo Control System технологиудыг хослуулсан байна. Түүнчлэн 5 нанометрийн бичил хэсгүүдээр өнгийг илүү нарийвчлалтай гаргадаг Ultra Color Filter шүүлтүүр, гэрлийн ойлтыг бууруулж өндөр ялгарал үүсгэх HVA 2.0 Pro Panel-тай ажээ.

Дүрс боловсруулах AIPQ Pro Processor нь хиймэл оюун ашиглан дэлгэцээр гарч буй контентоос хамааран дүрсний тодрол, ялгарал, өнгө, хөдөлгөөн, арын гэрэлтүүлэг болон өргөтгөлийг тохируулдаг. Мөн тоглоом тоглоход зориулагдсан Game Accelerator 288 VRR, Game Bar болон AMD FreeSync Premium Pro бүхий TCL Game Pack багцыг багтаасан байна.