АНУ-ын Техас муж дахь нэгэн айлын хашаанд Amazon компанийн хүргэлтийн дрон захиалгыг нь халуун устай бассейн (hot tub) руу шууд унагасан дүрс бичлэг цахим сүлжээнд олны анхаарлыг татаад байна.

Нийт 11 секундийн уг бичлэгт Prime Air хүргэлтийн дрон хашааны дээгүүр нисэн ирж, улмаар ачааны хэсгээ нээн илгээмжийг доор байрлах бассейн руу шууд унагаж буй нь бичигджээ. Энэ үед бичлэг хийж байсан эмэгтэй цочирдон дуу алдаж байгаа нь сонсогдох аж. Sky News-ийн мэдээлснээр уг явдал Техас мужийн Ричмонд хотод болсон байна.

Amazon компани дрон хүргэлтийн үйлчилгээгээ Чикаго, Кливленд, Атланта, Бойсе, Сиракьюс зэрэг 500 гаруй хот, сууринд өргөжүүлж байгаагаа саяхан зарлаад байсан юм. Гэвч хүргэлтийн дрон илгээмжийг усанд унагасан тохиолдолд үйлчлүүлэгч ямар арга хэмжээ авах талаар компанийн заавар мэдээлэлд тусгагдаагүй байдаг аж.

Энэхүү бичлэгийн талаар Mashable агентлаг тодруулахад Amazon-ы хэвлэлийн төлөөлөгч Линдси Хэмилтон ийм төрлийн явдал "тун ховор" тохиолддог болохыг мэдэгджээ. Мөн тэрээр үйлчилгээ төлөвлөгөөний дагуу явагдаагүй үед туршлага дээрээ тулгуурлан сайжруулалт хийдэг бөгөөд хэрэглэгчийн бараа хүлээгдэж байснаар хүрээгүй ховор тохиолдолд тус компанийн "A-to-z Guarantee" бодлогын хүрээнд мөнгийг нь буцаан олгох эсвэл шинээр сольж өгдөг гэдгийг онцолсон байна.