Хиймэл оюун ухааны тэргүүлэгч компаниудын нэг Anthropic сүүлийн найман сарын хугацаанд өөрсдийн хөгжүүлсэн Claude чатботыг хортой зорилгоор ашиглахыг завдсан үйлдлүүдийг харуулсан аюулгүй байдлын шинэ тайлангаа танилцууллаа. Тус компани эдгээр сэжигтэй үйлдлүүдийг кибер ажиллагаа, тандалт, залилан, биологийн судалгааг буруугаар ашиглах, уламжлалт зэвсэг боловсруулах зэрэг нийт долоон хор хөнөөлтэй чиглэлд ангилсан байна.

Биологийн зэвсэгтэй холбоотой тохиолдлууд

Anthropic-ийн аюулгүй байдлын багийн мэдээлснээр биологийн зэвсэг боловсруулахад Claude-ийг ашиглах боломжтой нийт таван тохиолдол бүртгэгджээ. Тухайлбал, зарим төрийн дэмжлэгтэй судлаачид шумуулаар дамждаг чикунгунья вирус болон хүнийг өвчлүүлдэг, түүний дотор цагаан цэцэг өвчин үүсгэгчийг багтаадаг ортопоксвирус (orthopoxvirus)-ийн бүлд хамаарах вирусээр туршилт хийх судалгааны тэтгэлгийн өргөдөл бичүүлэхийг завдсан байна. Эдгээр хэрэглэгчид өөрсдийн судалгааны зорилгоо нуун дарагдуулахыг оролдсон бөгөөд аюулгүй байдлын хязгаарлалтыг тойрч гарчээ. Тус компани эдгээр хэрэглэгчдийг хор хөнөөл учруулах зорилготой байсан гэж шууд мэдэгдээгүй ч холбогдох хаягуудыг нь хаасан байна.

Дрон болон цэргийн технологийн симуляци

Түүнчлэн Claude загварыг бодит зэвсэг, пуужин болон байлдааны дроны программ хангамжийг хөгжүүлэхэд ашигласан жишээнүүд гарчээ. ОХУ-д байршилтай, “DronDoc буюу Serafim” ажиллагаанд хамаарах нэгэн хэрэглэгч бүрэн автомат ажиллагаатай камиказе FPV дрон сүрэг бүтээхэд Claude Code-ийг ашигласан байна. Мөн БНХАУ-д байршилтай, цэрэг-аж үйлдвэрийн салбарын судлаач байж болзошгүй хэрэглэгч дайсны радар, холбоог саатуулах, агаарын довтолгооноос хамгаалах системийг дарах зориулалттай цахим дайны модулиудыг загварчилжээ. Уг симуляцид Тайваньд байрлах 12 байг оруулсан байсныг Anthropic тайландаа дурджээ.