Фэн уран зохиол, уран бүтээлчдийн бүтээлийг байршуулдаг ашгийн бус, сайн дурынхны удирддаг алдартай цахим хуудас болох Archive of Our Own (AO3) 17 хоногийн дараа эргэн ажиллаж эхэллээ. Тус платформ нь аюулгүй байдлын зөрчил гарсны улмаас өнгөрсөн аравдугаар сарын 29-нөөс эхлэн түр хаагдаад байсан юм.

AO3-ийг ажиллуулдаг "Organization for Transformative Works" (OTW) байгууллага системийн засвар, үйлчилгээ бүтэн сар хүртэл үргэлжилж болзошгүй гэж тооцоолж байсан ч төлөвлөсөн хугацаанаас өмнө буюу хоёр долоо хоног гаруйн дараа системийг ажиллагаанд оруулжээ.

Аюулгүй байдлын зөвлөмж ба хязгаарлалтууд

OTW-ийн мэдээлснээр, хэрэглэгчдийн хувийн мэдээлэл алдагдсан гэж үзэхгүй байгаа ч энэ эрсдэлийг бүрэн үгүйсгэх боломжгүй тул хэрэглэгчдэдээ урьдчилан сэргийлэх арга хэмжээ авахыг анхааруулсан байна. Үүнд AO3 дээрх болон ижил нууц үг ашигладаг бусад бүх платформ дээрх нууц үгээ солих, бүртгэлтэй и-мэйл хаягаа шинэчлэгдсэн эсэхийг шалгахыг зөвлөжээ. Мөн ирээдүйд ийм явдал давтагдахаас сэргийлж, хамгаалалтын компанитай хамтран шалгалт, шинжилгээ хийж байгаа аж.

Сайтыг дөрвөн долоо хоногийн хугацаанаас өмнө нээхийн тулд зарим функцыг түр хугацаанд идэвхгүй болгожээ. Тухайлбал, хэрэглэгчийн дүрс (icon) харагдахгүй байгаа бөгөөд гадаад эх сурвалжаас зохиол импортлох боломжгүй байна. Зохиол татаж авах үед зөвхөн HTML форматаар авах боломжтой байгаа юм. Эдгээр боломжууд эргэн сэргэх бөгөөд энэ үеэр системийн ямар ч өгөгдөл устаагүй болохыг OTW онцолсон байна.

Хэрэглэгчдийн ачаалал ба нооргийн тохиргоо

Түүнчлэн платформын ноорог (draft) устах 30 хоногийн дүрмийг арваннэгдүгээр сарын 29 хүртэл түр зогсоосон бөгөөд энэ өдрөөс хойш стандарт журам хэвийн үйлчилж эхэлнэ. Одоогоор сайт руу нэвтрэх хэрэглэгчдийн урсгал огцом нэмэгдсэнтэй холбогдуулан ачааллыг зохицуулах түр арга хэмжээ авч байгаа тул хуудас ачааллахад тодорхой хугацаа шаардагдах эсвэл алдаа зааж болзошгүйг дурджээ.