Apple компани энэ долоо хоногт болсон iPhone танилцуулах арга хэмжээнийхээ үеэр шинэ iOS үйлдлийн системийн шинэчлэлтэд багтах iPhone Handoff нэртэй шинэ боломжийг зарласан юм. Энэхүү функц нь eSIM хэрэглэгчдэд нэг утасны дугаараа хоёр iPhone дээр зэрэг бүртгүүлж, тухайн цаг мөчид алийг нь идэвхтэй байлгахаа сонгох боломж олгодог.

Идэвхжүүлсэн төхөөрөмж нь дуудлага, мессеж болон бусад үүрэн холбооны сүлжээний үйлдлийг хүлээн авах боломжтой болно. Уг үйлчилгээ нь эхний ээлжинд зөвхөн АНУ-ын T-Mobile операторын хэрэглэгчдэд нээлттэй байх юм. Гэвч T-Mobile өөрийн цахим хуудсаараа дамжуулан уг функцийг ашиглахад сар бүр 5 ам.долларын төлбөр тооцно гэдгээ мэдэгджээ.

Хэрхэн ажиллах вэ?

Энэхүү боломжийн тусламжтайгаар хэрэглэгчид жишээ нь iPhone Duo болон iPhone 18 Pro хооронд төвөггүйхэн шилжиж ажиллах боломж бүрдэнэ. Гэхдээ хоёр төхөөрөмжийг нэгэн зэрэг дуудлага хийх, мессеж бичих зэргээр зэрэгцүүлэн ашиглах боломжгүй бөгөөд зөвхөн нэг нь идэвхтэй төлөвт байна. Нэг утсыг идэвхжүүлэх үйлдэл нь дэлгэцийн түгжээг тайлахад л хангалттай хялбар харагдаж байна.

Үйлчилгээг тохируулахын тулд утасны Settings цэсийн eSIM хэсэг рүү орж, Phone, дараа нь Continue, эцэст нь Transfer гэсэн дарааллаар дарах шаардлагатай. Хэрэв тохиргоо амжилттай болбол дэлгэцийн түгжээг тайлах үед төхөөрөмж идэвхжсэн тухай мэдэгдэл ирэх ажээ.

Одоогоор уг функц зөвхөн АНУ дахь T-Mobile-ийн хэрэглэгчдэд нээлттэй бөгөөд тус оператор сарын хураамж нэмж буй нь тийм ч таатай биш боловч уг үйлчилгээ нь ашиглахад маш ойлгомжтой, хялбар шийдэл болсон нь харагдаж байна.