Технологийн аварга Apple компани аравдугаар сарын 13-нд "Welcome home" арга хэмжээгээ зарлаад байгаа бөгөөд уг танилцуулгаар ухаалаг гэрийн төв төхөөрөмж (боломжит нэршил нь HomePad) болон шинэ HomePod mini-г гаргах магадлалтай байна. Гэсэн хэдий ч тус компани үүгээр зогсохгүй, аравдугаар сарын сүүлээр хоёр дахь арга хэмжээгээ зохион байгуулахаар төлөвлөж буй тухай эх сурвалжууд мэдээллээ.

Bloomberg-ийн сэтгүүлч Марк Гурман-ы мэдээлснээр, уг хоёр дахь арга хэмжээ нь аравдугаар сарын 27-ны орчимд болохоор товлогдсон бөгөөд өмнөх арга хэмжээний адил онлайнаар шууд дамжуулагдах аж.

Анхны мэдрэгчтэй дэлгэцтэй MacBook болон шинэ iMac

Энэхүү арга хэмжээний гол онцлох бүтээгдэхүүн нь Apple-ийн анхны мэдрэгчтэй дэлгэц бүхий MacBook байх юм. Боломжит хувилбараар MacBook Ultra гэж нэрлэгдэх энэхүү зөөврийн компьютер нь 14 болон 16 инчийн сонголттой, OLED мэдрэгчтэй дэлгэц болон Dynamic Island технологитой байх төлөвтэй байна. Түүнчлэн эдгээр зөөврийн компьютерууд нь Apple-ийн цоо шинэ M6 чип-ээр тоноглогдох бөгөөд тус арга хэмжээний үеэр танилцуулагдах шинэ iMac компьютерт мөн энэхүү чипийг суулгах ажээ.

Гурманы үзэж буйгаар эдгээр шинэ бүтээгдэхүүнүүд нь видео бүтээх, гэрэл зураг болон хөгжим засварлах чиглэлээр ажилладаг бүтээлч мэргэжилтнүүдэд чиглэгдэнэ. Хэрэв эдгээр мэдээлэл батлагдвал энэ нь гуравдугаар сард гарсан MacBook Neo-ийн дараах MacBook цувралын хоёр дахь том шинэчлэл, мөн 2021 онд 14 болон 16 инчийн MacBook Pro загварууд гарснаас хойшхи таван жилийн хугацаанд дээд зэрэглэлийн MacBook-ийн анхны томоохон өөрчлөлт болох юм.

Шинэчлэгдсэн iPad mini

Түүнчлэн тус танилцуулгаар шинэ iPad mini төхөөрөмж дэлгэгдэх хүлээлттэй байна. Цуурхлуудаас үзвэл уг төхөөрөмж нь Apple-ийн A20 Pro чип, хэвтээ байрлалтай камер, шинэ чанга яригчийн систем болон магадгүй бага зэрэг томорсон OLED дэлгэцтэй байж болзошгүй гэж дурджээ.