Дэлхийн технологийн зах зээлийн томоохон тоглогч Apple компани ирэх хугацаанд тулгарч болзошгүй нийлүүлэлтийн хязгаарлалтуудад урьдчилан бэлтгэж эхэлжээ. Тус компани нийлүүлэлтийн хомсдол үүсэх эрсдэлээс сэргийлэх зорилгоор бараа материалын нөөцөө өргөжүүлж буйгаа мэдэгдсэн байна.
Компанийн тайланд дурдсанаар, Apple одоогийн байдлаар 11.1 тэрбум ам.долларын бараа материалын нөөцтэй байгаа аж. Энэхүү үзүүлэлт нь өнгөрсөн оны есдүгээр сард бүртгэгдсэн 5.7 тэрбум ам.долларын нөөцтэй харьцуулахад бараг хоёр дахин өссөн дүн юм.
Технологийн салбарт үүсээд буй нийлүүлэлтийн нөхцөл байдал нь Apple-ийн хувьд анхаарал татах асуудал болж байгаа бөгөөд ийнхүү нөөцөө их хэмжээгээр бүрдүүлж байгаа нь тус компанийн болзошгүй хүндрэлүүдийг даван туулах стратеги гэж үзэж байна.