Технологийн томоохон компани болох Apple өнөөдөр iPhone утсанд зориулсан хамгийн сүүлийн үеийн iOS 27 үйлдлийн системээ хэрэглэгчдэд хүргэж эхэллээ. Хэрэглэгчид утасныхаа системийг шинэчилсний дараа шууд туршиж үзэх боломжтой хэд хэдэн анхаарал татах өөрчлөлтүүд энд багтжээ.
Хиймэл оюун ухаан бүхий шинэ Siri
Энэхүү шинэчлэлийн гол онцлох зүйл нь дуут туслах Siri-г бүрэн шинэчилж, хиймэл оюун ухаанд суурилсан бие даасан туслах болгосон явдал юм. Шинэ Siri AI нь ChatGPT болон Claude зэрэг бусад хиймэл оюун ухааны нэгэн адил асуултад хариулж, даалгавар биелүүлэх чадвартай төдийгүй үйлдлийн системтэй шууд холбогдон ажилладаг. Түүнчлэн тусдаа аппликэйшнтэй болсон бөгөөд хэрэглэгчийн и-мэйл, утас, зураг болон Shortcuts зэрэг олон төрлийн апп дээр үйлдэл хийх чадвартай болжээ. Тухайлбал, хийхийг хүссэн үйлдлээ англи хэлээр тайлбарлахад л Siri AI шинэ Shortcuts үүсгэж өгнө. Үүнээс гадна туслахын хоолойн хурд, өнгө, дуугаралт, аялгыг өөрчлөх боломж бүрдсэн байна.
Цаг агаар болон AirPods тохиргооны шинэчлэл
Weather аппликэйшнд тухайн өдрийн нөхцөл байдал, тунадас, салхины мэдээллийг харуулах шинэ табууд нэмэгдлээ. Энэ нь ойрын хэдэн цагийн температур, бороо, цас, салхины нарийвчилсан мэдээллийг өгөхөөс гадна тухайн өдрийн цаг агаарын тоймыг бичвэр хэлбэрээр гаргадаг Highlights цэстэй болжээ.
Харин AirPods хэрэглэгчдийн хувьд гурван зурвасын эквалайзер (three-band equalizer) ашиглан нам болон өндөр дуугаралт, хоолойн тохиргоог бодит цагийн горимд хүссэнээрээ тохируулах боломжтой болсон байна. Өмнө нь энэ тохиргоог зөвхөн Apple Music дотор хийх боломжтой байсан бол одоо хөгжмөө хаанаас ч сонссон дуугаралтыг бүрэн хянах боломж нээгдэв.
Дизайн болон зурвасын тохиргоо
Apple компани Liquid Glass дизайндаа сайжруулалт хийж, тодрол болон тусгалыг илүү жигд болгосон төдийгүй тунгалаг эсвэл сүүдэртэй харагдах байдлыг тохируулах шинэ гулсагч товч нэмсэн байна.
Мөн Messages апп дээр текст бичих талбарын хажууд байдаг дуу хураах/диктовкын товчийг андууран дарах асуудлыг шийдвэрлэжээ. Хэрэглэгчид тохиргоо цэс рүү орон уг байрлалд дуу хураах товч, диктовкын товч байрлуулах эсвэл ямар ч товчгүй байхаар сонгож өөрчлөх боломжтой боллоо.