Дэлхийд алдартай стриминг үйлчилгээ болох Apple Music өөрийн сарын захиалгын төлбөрөө нэмэгдүүлсэн байна. Энэ нь тус компани бараг дөрвөн жилийн хугацаанд хийж буй анхны томоохон өөрчлөлт юм.

АНУ-д мөрдөгдөж буй шинэ тарифын дагуу хувь хүний багцын үнэ 10.99 ам.доллараас 11.99 ам.доллар болж өссөн бол гэр бүлийн багц 16.99-өөс 19.99 ам.доллар, оюутны багц 5.99-өөс 6.99 ам.доллар болж тус тус нэмэгджээ. Сүүлд 2022 оны 10-р сард тус компани лицензийн зардал өссөнтэй холбогдуулан үнээ нэмж байсан түүхтэй.

Өрсөлдөгч Spotify платформ нь 2011 онд АНУ-д нэвтэрснээсээ хойш үнээ тогтвортой барьж ирсэн ч сүүлийн жилүүдэд үнийн өсөлтийг хэд хэдэн удаа хийгээд байна. Тухайлбал, 2023 оны 7-р сараас хойш нийт гурван удаагийн үнийн өсөлтийг бүртгүүлжээ. Одоогоор Spotify-ийн хувь хүний багц 12.99 ам.доллар, гэр бүлийнх 21.99 ам.доллар, хосын багц 18.99 ам.доллар, харин оюутны багц 6.99 ам.долларын үнэтэй байна.

Apple Music-ийн дэд ерөнхийлөгч Оливер Шуссер өөрсдийн платформ нь үнэгүй хувилбар санал болгодоггүй цорын ганц стриминг үйлчилгээ гэдгийг онцолжээ. Тэрээр үнэгүй (зар сурталчилгаатай) стриминг үйлчилгээнүүд нь зах зээл дээрх захиалгын үнийг бууруулахад нөлөөлдөг бөгөөд уран бүтээлчид болон дуу зохиогчдын орлогыг хангалттай нөхөж чаддаггүй гэж үзэж байгаагаа илэрхийлсэн байна. Apple Music-ийн зүгээс үнийн өсөлтийн талаарх албан ёсны тайлбарыг одоогоор өгөөгүй байна.