Технологийн салбарын аварга Apple компани энэ онд олон өөрчлөлтийг хийгээд байна. Тухайлбал, Жон Тернус Тим Күүкийн халааг авах болсон, Siri AI-ийн туршилтын хувилбар WWDC 2026 арга хэмжээний үеэр танилцуулагдсан, мөн төсөвт ээлтэй MacBook-ийн шинэ хувилбар гарч, удалгүй үнэ нь нэмэгдсэн зэрэг үйл явдлууд өрнөлөө. Гэсэн хэдий ч технологи сонирхогчид iPhone 18 болон нугалардаг iPhone-ийн нээлтийг тэсэн ядан хүлээсээр байна.
Энэхүү хүлээлтийг далимдуулан Mashable болон түүний харьяа CNET групп (ZDNET, PCMag, CNET, Lifehacker) хамтран "Big Guessing Game: Apple Edition" буюу Apple-ийн талаарх тааврын тоглоомыг зохион байгуулж байна. Уг тоглолтод оролцогчид Apple-ийн ирэх саруудад гаргах мэдээг таамагласнаар есдүгээр сард танилцуулагдах шинэ Apple Watch-ийг хожих боломжтой юм.
Хэрэглэгчдийн хүлээлт
Тоглоомын хоёрдугаар шатны дүнгээр хэрэглэгчдийн дунд дараах таамгууд давамгайлж байна:
- Нугалардаг iPhone: Оролцогчдын 68 хувь нь Apple энэ онд нугалардаг iPhone буюу "iPhone Ultra"-г танилцуулна гэж үзжээ.
- Хар өнгийн iPhone: iPhone 18 Pro болон Pro Max загваруудад хар өнгө нэмэгдэх эсэх дээр мөн л 68 хувь нь "тийм" гэсэн хариулт өгсөн байна. Хэдийгээр хар өнгө гарахгүй байж магадгүй гэх цуу яриа байгаа ч хэрэглэгчид хар өнгөтэй төстэй бараан саарал өнгө гарахыг үгүйсгэхгүй байна.
- Мэдрэгчтэй дэлгэцтэй MacBook: Энэ асуулт дээр хэрэглэгчид хоёр талцаж, 55 хувь нь мэдрэгчтэй дэлгэцтэй MacBook гарна гэж таамаглажээ.
- Шинэ AirPods: Судалгаанд оролцогчдын 74 хувь нь энэ онд шинэ AirPods гарна гэж хариулсан байна. Цуу яриагаар бол эдгээр чихэвч нь Siri AI-ийн онцлогуудыг дэмжих камертай байх аж.
- M6 чип: Судалгаанд оролцогчдын 65 хувь нь M6 цувралын чипийг энэ намар танилцуулна гэсэн хүлээлттэй байна.
Тааврын тоглоомын гуравдугаар шат есдүгээр сард болох iPhone-ийн нээлтийн өмнөхөн үргэлжлэх бөгөөд хэрэглэгчид үргэлжлүүлэн оролцох боломжтой.