1990-ээд оны сүүл, 2000-аад оны эхээр дэлхийг байлдан дагуулсан “Barbie Girl” хит дуугаараа алдаршсан Дани-Норвегийн Aqua хамтлаг урт хугацааны туршид хамтдаа ажилласны эцэст хамтлаг тарах болсноо зарлалаа. Энэхүү мэдээ нь хамтлагийн олон мянган шүтэн бишрэгчдийг цочирдуулсан бөгөөд тэдний дурсамжийг сэргээсэн хөгжмийн хамтлаг ийнхүү түүх болон үлдэх нь харамсалтай байна.

Aqua хамтлаг нь Лене Нистрём, Рене Диф, Сёрен Растед, Клаус Норреен нарын бүрэлдэхүүнтэйгээр европоп хөгжмийн урсгалаар уран бүтээлээ туурвиж байсан. Тэдний “Aquarium” цомог нь дэлхий даяар маш их амжилт олж, “Barbie Girl”, “Doctor Jones”, “Turn Back Time” зэрэг дуунууд нь хит болж байсан юм. Ялангуяа “Barbie Girl” дуу нь дэлхийн чартуудыг тэргүүлж, поп соёлын нэг хэсэг болсон билээ.

Hамтлагийн зүгээс мэдэгдэлдээ “Олон гайхалтай жилүүдийн эцэст бид Aqua хамтлагийн амьд тоглолтын бүлгийг хаахаар шийдлээ” гэжээ. Гэсэн хэдий ч, хамтлагийн гишүүд тус тусын уран бүтээлээ үргэлжлүүлэхээр төлөвлөж байгаа бөгөөд цаашдын төлөвлөгөөний талаар дэлгэрэнгүй мэдээллийг удахгүй өгөх болно гэж мэдэгдсэн байна.

Aqua хамтлаг нь Монголд төдийлөн алдаршаагүй ч дэлхий дахинд, ялангуяа Европт маш том нөлөө үзүүлсэн хамтлаг юм. Тэдний хөгжим нь олон залуусын дурсамжинд мөнхөд үлдэх болно.