Base блокчэйн сүлжээнд нэвтрүүлсэн токенжуулсан хувьцаанууд зах зээлд гарснаас хойш хэдхэн сарын дотор тухайн зах зээлийнхээ долоо хоног тутмын нийт спот арилжааны гуравны нэг орчмыг (ойролцоогоор 33 хувь) бүрдүүлж эхэлжээ.
Base төслийн Маркетинг болон олон улсын тэлэлт хариуцсан захирал Зен Бэйнхэм-Херд (Xen Baynham-Herd) “Bitcoin Magazine”-д өгсөн ярилцлагадаа энэ үзүүлэлт нь дөнгөж эхлэл гэдгийг онцолсон байна.
Түүний тайлбарласнаар, биржээр арилжаалагддаг сан буюу ETF нь үйл ажиллагааны болон зардлын асуудлыг шийдвэрлэхээр анх гарч байсан бол хөрөнгийг токенжуулах шийдэл эдгээр асуудлыг илүү үр дүнтэй шийдэж чаддаг аж.
Мөн хэрэглэгчдэд зориулан хөрөнгө оруулалтын багц (портфолио) бүрдүүлдэг хиймэл оюуны агентууд болон токенжуулсан хувьцааг хослуулснаар цаг хугацааны явцад токенжуулсан хувьцаанууд ETF-ийн зах зээлийг эзлэх боломжтойг тэрээр тэмдэглэжээ.