Алдарт Beats брэнд хэрэглэгч өөрийн хүслээр эд анги, өнгийг нь сольж өөрчлөх боломжтой шинэ тэргүүлэх түвшний Beats 360 чихэвчээ 349.99 ам.долларын үнээр худалдаанд гаргалаа. Уг чихэвчний загварыг тус компани анх өнгөрсөн зургаадугаар сард Дэлхийн цомын тамирчдаар дамжуулан анх танилцуулж байсан юм.
Загвар болон солигддог эд ангиуд
Beats 360 чихэвч нь хар (black), крем өнгөтэй үүл (cloud), ягаан (pink), цэнхэр тэнгэр (sky) гэсэн дөрвөн үндсэн өнгөний сонголттойгоор гарч байна. Чихэвчний гол давуу тал нь чихний зөөлөвчийг нь хялбархан сольж болдогт оршиж байгаа юм. Чихэвч бүр үндсэн өнгөтэйгөө ижил Performance Knit материалаар хийсэн зөөлөвчтэй ирэх бөгөөд хэрэглэгчид хүсвэл зургаан өнгийн Performance Knit зөөлөвч болон хар, крем өнгөтэй хиймэл арьсан UltraPlush зөөлөвчүүдийг нэмэлтээр худалдан авах боломжтой. Нэмэлт зөөлөвчний багцын үндсэн үнэ 49.99 ам.доллар боловч нээлтийн урамшууллаар 9.99 ам.доллароор худалдаалж байна.
Өмнө нь 2024 онд Dyson компани эд анги нь солигддог OnTrac чихэвчийг 499.99 ам.доллароор гаргаж байсантай харьцуулахад Beats 360 нь дасгал хөдөлгөөн хийхэд илүү тохиромжтой болжээ.
Техникийн үзүүлэлт болон анхаарах зүйлс
Тус чихэвч нь нэг цэнэглэлтээр 32 цаг ажиллах багтаамжтай ба дуу чимээ тусгаарлагч (ANC) системтэй. Дуу авиа хүлээн авах нийт есөн микрофонтойгоос найм нь дуу чимээ тусгаарлах системд зориулагдсан байна. Түүнчлэн чийгнээс хамгаалах IPX4 зэрэглэл, Bluetooth 5.3 холболттой бөгөөд Apple-ийн төхөөрөмжүүдэд нэг товшилтоор, Android утсанд Google Fast Pair-ээр хялбар холбогддог аж.
Гэсэн хэдий ч төхөөрөмжид зарим дутагдалтай талууд байгааг тоймчид онцолжээ. Тухайлбал, нэмэлт зөөлөвч хийх зориулалттай соронзон гэр нь заримдаа бүрэн хаагдахгүй байх асуудал гарсан байна. Мөн уламжлалт чихэвчний оролт (headphone jack) байхгүйгээс гадна USB-C кабелиар дуу сонсох боломжгүй хийгдсэн байна.