Зөөврийн цэнэглэгч авч явах нь ихэвчлэн цүнх, халаасанд хүнд, овортой ачаа болдог. Технологийн дагалдах хэрэгсэл үйлдвэрлэгч Belkin компани энэ асуудлыг шийдвэрлэхээр хагас хатуу төлөвт (semi-solid-state) батерейн технологи бүхий UltraCharge Pro цувралаа танилцууллаа.

Энгийн шингэн бүтэцтэй батерейн оронд гель төст давхарга ашигласнаар тус цэнэглэгч нь овор хэмжээ хөнгөн байхаас гадна гурав хүртэл дахин урт хугацаанд ажиллах боломжтой болжээ. Мөн халалтыг илүү сайн зохицуулдаг тул батерей хэт халах эсвэл хөөх эрсдэлээс сэргийлдэг байна.

UltraCharge Pro Slim Magnetic Power Bank (5,000mAh)

Утсанд наалдаж цэнэглэдэг энэхүү загвар нь 8.8 мм-ийн нимгэн их биетэй бөгөөд энэ нь ижил 5,000mAh багтаамжтай энгийн цэнэглэгчдээс даруй 40 орчим хувиар нимгэн юм. Үнэ нь 69.99 ам.доллароор худалдаанд гарчээ.

Уг загвар нь Qi2 соронзон технологиор 15W утасгүй цэнэглэлт, USB-C оролтоор 22.5W утастай цэнэглэлт хийх чадалтай. Хоёр төхөөрөмжийг зэрэг цэнэглэх боломжтойгоос гадна хананд залгаатай үедээ өөрийгөө цэнэглэнгээ утсыг 7.5W-аар утасгүйгээр цэнэглэдэг байна. Мөн BoostSolid Cell технологийн тусламжтайгаар насжилт нь 3 дахин уртсахын зэрэгцээ түргэн муудахгүй байх давуу талтай.

UltraCharge Pro Power Bank with Display (10,000mAh)

Илүү өндөр хүчин чадал шаардлагатай хэрэглэгчдэд зориулсан 10,000mAh багтаамжтай уг загвар нь энгийн 10K цэнэглэгчдээс 27 хувиар жижиг хэмжээтэй. Үнэ нь 89.99 ам.доллар байна.

Үндсэн USB-C оролт нь 60W хүртэлх чадал гаргадаг тул зөөврийн компьютер, таблет болон утсыг хурдан цэнэглэх боломжтой. Нийт хоёр USB-C болон нэг USB-A оролттой бөгөөд гурван төхөөрөмжийг зэрэг цэнэглэнэ. Мөн батерейн түвшин болон гаралтын ваттыг бодит хугацаанд харуулах дэлгэцтэй, өөрийгөө 40W USB-C оролтоор түргэн цэнэглэдэг аж. Аюулгүй байдлын үүднээс дотоод температурыг 20 миллисекунд тутамд хянадаг.

Эдгээр загварууд нь одоогоор Belkin болон Amazon платформоор худалдаалагдаж эхлээд байна.