Дэлхийн хамгийн том крипто биржүүдийн нэг болох Binance компани ирээдүйн өсөлтийн дараагийн шатандаа хүрэхийн тулд шинэ стратеги баримталж эхэллээ. Тус биржийн Спот арилжаа болон деривативын асуудал эрхэлсэн тэргүүн Шунйет Жан-ы мэдээлснээр, компани нь зөвхөн крипто арилжаагаар хязгаарлагдахгүйгээр "супер апп" болохыг зорьж байна.
Binance-ийн зүгээс тогтвортой ханштай криптовалют буюу stablecoins-ийн хэрэглээ өсөж буй өнөөгийн нөхцөлд үйл ажиллагаагаа төлбөр тооцоо болон санхүүгийн үйлчилгээ рүү илүүтэй чиглүүлэхээр төлөвлөж байгаа аж. Энэхүү өөрчлөлт нь биржийн цаашдын хөгжлийн гол хөдөлгөгч хүч болох юм.
Тус компани нь харилцагчдадаа арилжаанаас гадна олон төрлийн санхүүгийн шийдлийг нэг дороос авах боломжийг бүрдүүлэхэд анхаарлаа хандуулж байна. Ингэснээр Binance нь крипто зах зээл дэх өөрийн байр суурийг улам бүр бэхжүүлж, хэрэглэгчдийн өдөр тутмын хэрэгцээнд нийцсэн экосистемийг бий болгохыг эрмэлзэж байна.