АНУ-ын спот биткойн биржээр арилжаалагддаг сангуудаас (ETF) 11 дүгээр сарын 17-ноос 27-ны хооронд дараалсан найман арилжааны өдөр дараалан цэвэр хөрөнгө гадагшилж, нийт дүн нь 3.44 тэрбум ам.долларт хүрсэн байна. Энэхүү их хэмжээний гадагшлах урсгалын дийлэнх буюу ойролцоогоор 2.79 тэрбум ам.доллар (81 хувь) нь BlackRock компанийн iShares Bitcoin Trust (IBIT) сангаас гарчээ.
Farside Investors-ийн сүүлийн үеийн мэдээллээр 11 дүгээр сарын 27-ны Баасан гарагт АНУ-ын спот биткойн ETF-үүдээс нийт 389 сая ам.доллар гадагшилсны 327.2 сая ам.доллар нь IBIT санд ногдож байна. Талархлын баярын дараах арилжааны цаг богиноссон өдөр байсан хэдий ч хөрөнгө оруулагчид АНУ-ын хамгийн том биткойн ETF-ээр дамжуулан эрсдэлээ бууруулсаар байв. Энэ өдрийн IBIT-ийн гадагшлах дүн нь бүтэн арилжаа явагдсан Лхагва гарагийн 329.7 сая ам.доллароос ялимгүй бага байжээ.
Гадагшлах урсгалын дийлэнх нь ганц санд төвлөрчээ
IBIT сан хамгийн өндөр дүнтэй татан авалтыг 11 дүгээр сарын 19 болон 20-ны өдрүүдэд бүртгэсэн бөгөөд тухайн өдрүүдэд тус бүр 541.1 сая болон 544.7 сая ам.доллар гадагшилсан байна.
Нийт биткойн ETF-ийн үзүүлэлтийг шинжлэхэд IBIT дэх төвлөрлийг харгалзан үзэх нь чухал бөгөөд учир нь ганц сангийн хөдөлгөөн зах зээлийн нийт урсгалыг тодорхойлж байна. BlackRock-ийн сангийн хэмжээ томоохон тул хөрөнгийн ихээхэн хөдөлгөөн гарах нь жам ёсны үзэгдэл бөгөөд үүнийг хөрөнгө оруулагчид тус компанид итгэх итгэлээ алдсан гэж шууд дүгнэж болохгүйг дурджээ.
Мөн ETF-ийн татан авалт нь BlackRock өөрийн эзэмшлийн биткойноо зарж буй хэрэг биш бөгөөд эдгээр мэдээлэлд яг хэн хөрөнгөө татаж байгаа нь тодорхойгүй байна. CoinGlass-ийн өмнөх урсгалын дататай харьцуулахад сүүлийн үеийн гадагшлах урсгал нь биткойны өсөлтийн үеийн их хэмжээний орж ирсэн урсгалтай эрс ялгаатай байгаа юм. Өдрийн гадагшлах хэмжээ бага зэрэг буурсан нь хөрөнгө оруулагчид эргэн ирж буй дохио биш, харин тухайн өдөр харьцангуй бага хөрөнгө гарсан хэрэг байж болох талтай.