Видео тоглоом хөгжүүлэгч Blizzard компани BlizzCon 2026 арга хэмжээнийхээ үеэр алдарт цувралынхаа дараагийн анги болох “Diablo V” тоглоомыг 2029 оны хавар гаргахаар төлөвлөж буйгаа албан ёсоор зарлалаа. Түүнчлэн цувралын ирээдүйтэй холбоотой шинэчлэлт, мэдээллүүдийг тусгай хэлэлцүүлгийн үеэр хуваалцсан байна.

Шинэ ангийн үйл явдал, тоглоомын онцлог

Шинэ ангид Диабло аль хэдийн Санкчуари (Sanctuary) ертөнцийг эзэлсэн байх бөгөөд хүн төрөлхтний ихэнх нь үгүй болсон эсвэл завхарсан байх гэнэ. Тоглогчид өмнөх ангиудын суурин хотууд болон аюулгүй бүсүүдийн оронд байнга шилжин явах жингийн цуваатайгаар цаг ямагт хувьсан өөрчлөгдөх Вестмарч (Westmarch) бүс нутгийг судлах аж.

Хөгжүүлэгчид анхандаа энэхүү санааг “Diablo IV”-ийн дараагийн нэмэлт өргөтгөл (expansion) болгон хөгжүүлэх талаар бодож үзсэн ч ертөнцийн орчин болон тоглоомын хэв маягийн өөрчлөлтүүд нь бүрэн хэмжээний шинэ анги шаардаж байна гэж шийджээ.

Санал хүсэлт цуглуулах төлөвлөгөө ба бусад төслүүд

Компанийн зүгээс шинэ ангийг ийнхүү эрт зарласан шалтгаанаа олон жилийн хугацаанд тоглогчдоос аль болох их санал хүсэлт цуглуулах зорилготой холбон тайлбарласан бөгөөд анхны мэдээллүүд ирэх жилээс эхлэн гарч эхэлнэ гэв.

Үүнээс гадна Blizzard компани Netflix-тэй хамтран “Diablo” анимэйшн цуврал хийх гэж байгаагаа зарласан ба одоо байгаа Diablo 4 болон Diablo Immortal тоглоомуудад ч томоохон шинэ контентууд орохоор төлөвлөгджээ.