Олон жилийн турш цуурхал, мэдээлэл цацагдаж байсан StarCraft ертөнц албан ёсоор эргэн ирэхээр боллоо. Тоглоом хөгжүүлэгч Blizzard компани "BlizzCon 2026" арга хэмжээний нээлтийн үеэр уг төслийг олон нийтэд зарласан байна.
Гэхдээ энэ удаад уг тоглоом нь уламжлалт RTS (бодит цагийн стратеги) төрлөөр бус, харин нээлттэй ертөнцтэй буудагч (open-world shooter) төрлөөр бүтээгдэж байгаа аж. Тоглоомыг 2030 онд гаргахаар төлөвлөсөн тул сонирхогчдын хувьд нэлээд урт хугацаанд хүлээх шаардлага тулгарч байна.
Танилцуулгын синематик бичлэгт Terran Dominion болон Zerg хоорондын тулааныг голчлон харуулсан бөгөөд тоглоомын бодит явцыг (gameplay) харуулаагүй байна. Одоогоор гарах он болон нээлттэй ертөнцтэй буудагч төрлийн тоглоом гэдгээс өөр нарийн мэдээлэл буюу тоглох боломжтой платформууд, нарийн тов болон тоглоомын явцын тухай мэдээлэл гараагүй байна.
Түүнчлэн арга хэмжээний үеэр StarCraft-ийн шинэчлэгдсэн логог дэлгэсэн юм. Гэсэн хэдий ч тоглоомын албан ёсны нэр нь зүгээр л "StarCraft" байх уу, эсвэл цаашид дэд нэр нэмэгдэх үү гэдэг нь одоогоор тодорхойгүй байна.