Өмнөд Солонгосын алдарт BTS хамтлаг өөрсдийн тав дахь студийн цомог болох ARIRANG-д багтсан "NORMAL" дууныхаа клипийг үзэгчдийн хүртээл болголоо. Энэхүү бүтээл нь өмнө нь гаргасан "SWIM" дууны дараах хоёр дахь сингл юм.

Украины найруулагч Тану Муиногийн найруулсан тус клипэнд хамтлагийн долоон гишүүн томоохон үдэшлэгийн дараах агшнуудыг харуулжээ. Клипний дүрслэлд хуучин эдлэн газар, олон тооны хоосон дарсны хундага, дурсамж сэргээх агшнууд багтсан байна. Мөн гишүүд суултуурын өмнө зогсож буй дүрслэл нь фэнүүдийн дунд анхаарал татаад байгаа юм. Түүнчлэн клипэнд ноход болон хун гардаг аж.

"NORMAL" дууг Spotify платформ дээр 48 цагийн турш онцгойлон үзэх боломжтой бөгөөд 7-р сарын 27-ноос эхлэн Interscope болон Capitol Records компаниуд поп радио сувгуудаар дамжуулан идэвхтэй сурталчлах юм.

Одоогоор BTS хамтлаг ARIRANG цомгоо сурталчлах дэлхийн аялан тоглолтынхоо хүрээнд Европын орнуудаар аялан тоглож байна. Тэд Парис хотын Stade De France цэнгэлдэх хүрээлэнд тоглолтоо хийхээр төлөвлөжээ. Үүний дараа 7-р сарын 19-нд АНУ-ын Нью-Жерси мужид болох FIFA-гийн ДАШТ-ий хаалтын тоглолтын үеэр Жастин Бибер, Мадонна, Шакира нартай хамт тайзнаа гарах юм.