Дэлхийд алдартай, болзооны Bumble аппликейшн нь үүсгэн байгуулагдсан цагаасаа хойш баримталж ирсэн "эмэгтэйчүүд эхэлж алхам хийдэг" гэх үндсэн зарчмаа өөрчлөхөөр болжээ. Тус компанийн гүйцэтгэх захирал Уитни Вулф Хэрд хоёрдугаар улирлын санхүүгийн тайлангийн хурлын үеэр энэхүү шинэчлэлийг танилцуулсан байна.

Шинэ дүрмийн дагуу Bumble аппликейшн дээр хэн ч эхэлж мессеж бичих боломжтой болох бөгөөд зөвхөн нэг л эхлэлийн мессеж илгээх боломжтой байна. Хариу ирэх хүртэл яриа үргэлжлэхгүй байхаар тохируулагджээ. Мөн анхны мессежид хариу өгөх хугацааг 24 цагаас 72 цаг болгон сунгаж, хэрэглэгчдийн гомдлыг шийдвэрлэхээр төлөвлөж байгаа юм. Энэхүү өөрчлөлт нь энэ сарын сүүл гэхэд дэлхий даяар бүрэн хэрэгжиж эхэлнэ.

Технологи ба бодит амьдрал

Тус компани нь зөвхөн аппликейшн төдийгүй бодит амьдрал дээрх уулзалтуудад илүү анхаарал хандуулж, "Plans" нэртэй арга хэмжээ зохион байгуулах тусдаа аппликейшн гаргахаар төлөвлөж байна. Мөн хиймэл оюун ухааныг ашиглах "Bee" нэртэй шинэ туслахыг хөгжүүлж байгаа ч энэ нь хэрэглэгчдийн өдөр тутам ашигладаг "swipe" буюу баруун, зүүн тийш гүйлгэх үйлдлийг орлохгүй гэдгийг захирал нь онцоллоо. "Bee" нь системийн ард ажиллах оюун ухаан байх бөгөөд хүмүүсийн харилцааг илүү үр дүнтэй болгох зорилготой юм.

Түүнчлэн 2027 оны эхээр профайл шинэчлэлтүүд болон бусад нэмэлт боломжуудыг нэвтрүүлэхээр ажиллаж байна. Үүний зэрэгцээ үнэгүй хэрэглэгчдэд өөрт таалагдсан хүмүүсийг харах боломж олгодог "Like You" функцийг хязгаарлагдмал байдлаар нээх, мөн илүү нухацтай харилцааг эрхэмлэдэг хэрэглэгчдэд зориулсан шинэ захиалгын түвшин гаргахаар төлөвлөж байгаа ажээ.