Тоглоом хөгжүүлэгч Bungie студи Destiny 2 тоглоомоос өмнө нь хасагдаж байсан (vaulted) үндсэн аян, дайралт (raid) болон газрын зураг, байршлуудыг эргүүлэн авчрахаар төлөвлөж байгаагаа албан ёсоор зарлалаа.
Энэхүү шийдвэрийг "Monument of Triumph" эвентийн хүрээнд тоглогчдын зүгээс үзүүлсэн өндөр эерэг хандлага, дэмжлэг дээр үндэслэн гаргасан бөгөөд франчайзын ирээдүйн суурь болгон ашиглахаар зорьж байна. Bungie студийн удирдлагууд "Бид Destiny төслөө дуусгаагүй" хэмээн онцолсон юм.
Есдүгээр сарын 21-нд нийтлэгдсэн "The Next Chapter for Bungie" нэртэй блог нийтлэлдээ студийн тэргүүн Пориа Торкан (Poria Torkan) болон Marathon төслийн ерөнхий менежер Жош Дин (Josh Deane) нар цаашдын төлөвлөгөөгөө дэлгэрэнгүй хуваалцжээ. Тэд Destiny-г франчайзын хувьд шинэчлэн бэхжүүлж, тоглоомоос хасагдсан контентуудыг эргүүлэн авчрах нь дараагийн алхмуудын эхлэл байх болно гэдгийг тодотгосон байна.