Түргэн хоолны сүлжээ Burger King болон жижиглэн худалдааны аварга Walmart нар хамтын ажиллагаагаа өргөжүүлж, хэрэглэгчдэдээ зориулан томоохон хөнгөлөлт зарлалаа. Тодруулбал, 9 дүгээр сарын 25-ныг дуустал Burger King-ийн “Royal Perks” хөтөлбөрийн гишүүд Walmart+ хүргэлтийн үйлчилгээг бүтэн жилийн турш сарын ердөө 7.77 ам.доллароор авах боломжтой болжээ. Энэ нь энгийн үнэ болох сарын 12.95 ам.доллароос 40 хувиар хямдарсан дүн буюу Amazon Prime-ийн сарын төлбөрийн бараг тал хувьтай тэнцэж байгаа юм.

Энэхүү хөнгөлөлт нь зөвхөн Walmart+-д шинээр бүртгүүлж буй хэрэглэгчдэд хамаарах аж. Харин уг урамшуулалд хамрагдахын тулд Burger King-ийн вэбсайт эсвэл апп дээр имэйл хаягаараа үнэ төлбөргүй бүртгүүлж, хаягаа Walmart+-тай холбоход л хангалттай бөгөөд хөнгөлөлтийн код автоматаар ажиллах юм байна.

Walmart+ үйлчилгээ нь хэрэглэгчдэдээ Paramount+ эсвэл Peacock стрийминг платформуудын аль нэгийг үнэгүй ашиглах эрхийг олгодог бөгөөд стриймингээ 90 хоног тутамд хооронд нь сольж сонгох боломжтой байдаг. Өдгөө Peacock Premium (зар сурталчилгаатай хувилбар) дангаараа сарын 12.99 ам.долларын үнэтэй байгаа тул энэхүү хөнгөлөлтийг ашиглан Walmart+-ийг сарын 7.77 ам.доллароор захиалах нь стрийминг үзэх сонирхолтой хэрэглэгчдэд зардал хэмнэх онцгой арга болж байна.

Стрийминг үзэх эрхээс гадна Walmart+ захиалагчид дараагийн өдрийн болон хоёр өдрийн үнэгүй хүргэлт, 35 ам.доллароос дээш захиалгын тухайн өдрийн үнэгүй хүргэлт, шатахууны хөнгөлөлт болон томоохон хямдралтай худалдаанд түрүүлж нэвтрэх зэрэг олон төрлийн давуу талыг эдлэх боломжтой юм.