Блокчэйн технологийн салбарт томоохон байр суурь эзэлдэг Cardano сүлжээ өөрийн хөгжүүлэлтийн үйл явцад томоохон өөрчлөлт хийхээр төлөвлөж байна. Тус сүлжээг үүсгэн байгуулагч Чарльз Хоскинсон сүлжээг цаашид хөгжүүлж, өсөлтийг нь эрчимжүүлэхийн тулд бүтцийн өөрчлөлт хийх зайлшгүй шаардлагатай байгааг онцоллоо.

Энэхүү алхмын хүрээнд Cardano сүлжээний үндсэн хөгжүүлэгчээр ажиллаж ирсэн Input Output компани нь сүлжээний гол бүрэлдэхүүн хэсгүүдийн хяналтыг гадны бие даасан багуудад шилжүүлэх юм. Үүнд Haskell зангилаа (node), Plutus ухаалаг гэрээний платформ, мөн Hydra зэрэг сүлжээний чухал хэсгүүд багтаж байна.

Төвлөрлийг сааруулах бодлогын хүрээнд хийж буй энэхүү шилжилт нь Cardano сүлжээний ирээдүйн хөгжилд шинэ түлхэц өгөх зорилготой ажээ. Сүлжээний хяналтыг илүү өргөн хүрээнд хуваарилах нь компанийн зүгээс тавьж буй гол зорилтуудын нэг болоод байна.