Cyberleek хэмээх нэртэй хакер (эсвэл бүлэг хакерууд) олны танил Grand Theft Auto VI (GTA VI) тоглоомын албан ёсны нээлтээс өмнө бичлэгүүдийг нь задруулж, ашиг олохыг оролдож байсан билээ. Тэд өмнө нь хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай тунхаг гаргаж, өөрсдийн нэрээр нэрлэсэн $CYBERLEEK мем койноо гаргаж мөнгөжүүлээд сураггүй болж байсан юм. Хэдийгээр Take-Two Interactive компани тэднийг илрүүлэхээр оролдсон ч хакерууд өнөөг хүртэл нуугдаж чадсан байна.
209 GB файлын нууц
Cyberleek өөрийн цахим хуудсандаа GTA VI тоглоомын 2026 оны 11-р сарын бүрэн хувилбар бүхий 209 GB хэмжээтэй Xbox файлыг торрентоор цацаж байгаагаа мэдэгджээ. Гэвч уг татах файлд тоглоомыг ажиллуулах программ буюу executable файл ороогүй тул одоогоор тоглох боломжгүй байна. Reddit-ийн хэрэглэгчид уг задарсан файлуудын зарим агуулгыг нийтэлж эхэлжээ.
Хакер тоглоомыг эхлүүлэх үндсэн файлыг 11-р сарын 23-нд ямар ч нөхцөлгүйгээр цацна гэж сүрдүүлсэн бөгөөд хэрэв CYBERLEEK койны зах зээлийн үнэлгээ нь 15 сая ам.долларт хүрвэл түүнээс ч өмнө шууд нийтэд дэлгэнэ гэжээ.
Компьютер дээр эрт ажиллах магадлал
Хэдийгээр тоглоомыг Xbox дээр татах боломжтой болсон ч хөгжүүлэгч Rockstar Games-ийн хувьд энэ нь эрсдэл дагуулж байгааг Cyberleek онцолсон байна. Түүний үзэж буйгаар PC-ийн моддерууд уг задарсан хувилбарыг эмуляци ашиглан PC дээр 30fps-ээс өндөр хурдтайгаар долоо хоногийн дотор ажиллуулах боломжтой гэв. Өөрөөр хэлбэл, Rockstar албан ёсны PC хувилбараа гаргахаас өмнө хэрэглэгчид тоглоомыг компьютер дээрээ ажиллуулах боломж үүсэж магадгүй хэмээн тэрээр мэдэгджээ.