Алдарт Deep Purple хамтлагийн 81 настай гоцлол дуучин Иэн Гиллан эмнэлгийн яаралтай тусламж авч, амжилттай хагалгаа/ажилбар хийлгэснийхээ дараа биеийн байдлынхаа талаар шүтэн бишрэгчдэдээ мэдээлэл өглөө. Тэрээр бүрэн эдгэрч, ажилдаа эргэн орох хүртлээ амрах шаардлагатай байгаагаа 11-р сарын 7-ны Бямба гарагт хуваалцсан байна.

Иэн Гиллан Facebook хуудсаараа дамжуулан: “Би өчигдөр амжилттай ажилбар хийлгэлээ. Бүрэн эдгэрч, ажилдаа буцаж орохоосоо өмнө биеэ аль болох сайжруулахын тулд одоо амрах шаардлагатай байна. Хүлээцтэй, ойлгож дэмжсэн бүх хүнд баярлалаа. Үүссэн хүндрэлд хүлцэл өчье” хэмээн бичжээ.

Түүний эрүүл мэндийн асуудлын улмаас хамтлаг эхлээд Германд болох хоёр тоглолтоо хойшлуулсан юм. Тухайлбал, 10-р сарын 31-нд Лейпциг хотын QI Arena-д, 11-р сарын 1-нд Хамбург хотын Sporthalle-д болох байсан тоглолтууд цуцлагдан хойшлогдож эхэлжээ. Үүний дараа Их Британи болон Европын үлдсэн бүх тоглолтыг тодорхойгүй хугацаагаар хойшлуулах шийдвэр гаргаснаа хамтлаг баталгаажуулсан байна.

Гиллан дараа нь Instagram хуудсандаа Лейпцигт байхдаа эмнэлгийн яаралтай тусламж авах шаардлага тулгарсан талаар дэлгэрүүлж, “Аялан тоглолтын төгсгөл хүртэл тэсэхийг хүссэн ч энэ нь маш ноцтой эрсдэл дагуулахаар байсан. Иймээс эмнэлгийн баг болон удирдлагынхаа зөвлөснөөр Европын тоглолтуудаа хойшлуулах шийдвэр гаргасан” гэж тайлбарлажээ.

Deep Purple хамтлаг SPLAT! нэртэй дэлхийн аялан тоглолтоо өнгөрсөн зуны сүүлээс хойш хийж байсан бөгөөд 11-р сарын сүүл хүртэл Их Британи болон Европоор үргэлжлэх хуваарьтай байв. Харин Латин Америк дахь тоглолтууд 12-р сарын 5-нд Бразилын Сан-Паулугаас эхэлж, 12-р сарын 19-нд Мексикийн Мехико хотод өндөрлөх хуваарьтай хэвээр байна.

Иэн Гиллан нь 1969 онд тус хамтлагт нэгдсэнээсээ хойш олон үе шатанд гоцлол дуучнаар ажилласан бөгөөд Billboard Hot 100 чартын 4-р байранд хүрч байсан “Smoke on the Water” (1973) зэрэг хамтлагийн олон алдартай хит дуунуудыг дуулсан уран бүтээлч юм.