Discord платформ 9 дүгээр сарын 23-наас эхлэн хэрэглэгчдийнхээ насыг баталгаажуулах шинэ системийг дэлхий даяар нэвтрүүлж эхэллээ. Тус компанийн тооцоолсноор нийт хэрэглэгчдийн 90 гаруй хувь нь насаа гараар буюу биечлэн баталгаажуулах шаардлагагүйгээр уг шалгуурыг давах төлөвтэй байна.
Шинэ систем нь хэрэглэгчийн бүртгэлийн одоо байгаа мэдээлэлд тулгуурлан насыг нь автоматаар тооцоолох зарчмаар ажиллана. Харин насанд хүрсэн эсэх нь автоматаар тогтоогдоогүй хэрэглэгчид заавал төрийн үнэмлэх эсвэл селфи зураг илгээхгүйгээр насаа батлах хэд хэдэн өөр сонголттой байх юм.
Энэхүү шинэчлэлийг анх хоёрдугаар сард дэлхий даяар хэрэгжүүлэхээр төлөвлөж байсан ч хувийн нууцлал болон мэдээллийн аюулгүй байдалтай холбоотой шүүмжлэл гарсан тул хойшлуулаад байжээ. Шинэчилсэн системд баталгаажуулалтын хэд хэдэн аргыг шинээр нэмж өгсөн байна.
Хэрэглэгчид платформыг үргэлжлүүлэн ашиглахын тулд заавал насаа баталгаажуулах албагүй бөгөөд энгийн зурвас илгээх, дуут дуудлага хийх болон насны хязгаарлалтгүй серверүүдийг урьдын адил чөлөөтэй ашиглах боломжтой. Харин насанд хүрэгчдийн контент болон тодорхой тохиргоонуудад хандахын тулд насаа баталгаажуулаагүй хаягууд насаа батлах шаардлагатай болно.