Цахим харилцааны Discord платформ тоглоом тоглох үед төхөөрөмжийн ачааллыг багасгах зорилготой Game Mode шинэ горимыг хөгжүүлж байж болзошгүй талаар мэдээлэл гарчээ.

Discord-ын удахгүй гарах шинэчлэлтүүд болон туршилтын функцуудыг судалдаг Discord Previews уг шинэ боломжийг олж илрүүлсэн байна. Тэдний мэдээлснээр уг горим нь идэвхжсэн үедээ аппликейшны хөдөлгөөнт анимейшнуудыг автоматаар багасгаж, зарим эффектүүдийг идэвхгүй болгох магадлалтай аж.

Ингэснээр Discord аппликейшны CPU болон GPU дээр үүсгэх ачааллыг бууруулахад тусалж, ялангуяа видео тоглоом тоглож байх үед хэрэг болох боломжтой гэж үзэж байна.