Дэлхийн өнцөг булан бүр дэх Disney-н сэдэвчилсэн паркуудаар үйлчлүүлэх үед үйлчлүүлэгчид утаснаасаа бараг салдаггүй болсон нь тус компанийн хувьд томоохон асуудал болоод буй. Калифорни, Флорида, Франц, Япон, Хятад дахь амралтын хүрээлэнгүүдэд оочер алгасах "Lightning Lane" захиалах, хоолны захиалга өгөх зэрэгт апп байнга шалгах шаардлагатай болдог. Walt Disney Imagineering-ийн ерөнхийлөгч Брюс Вон өнгөрсөн жил аппликэйшний хэт их хамаарал нь паркийн ид шидийн мэдрэмжийг "үгүй хийж" байгааг хүлээн зөвшөөрч байсан юм.
Шинэ туршилт: Disney Imagineering Labs
Энэхүү утасны хэрэглээг багасгах зорилгоор Disney компани Disney Imagineering Labs нэртэй шинэ туршилтын аппликэйшн гаргалаа. Уг апп доторх анхны боломж болох "Secrets of the Spire" интерактив тоглоом нь жилийн тасалбартай зарим хэрэглэгчдэд хүрээд байна. Гэхдээ энэ нь паркаар зугаалж буй хүмүүсийн утасны хэрэглээг хэрхэн бууруулах нь одоогоор тийм ч тодорхойгүй байна.
Харин блогуудын мэдээлснээр ирэх оны эхээр гарах магадлалтай Disneyland Enchanted Guide хэсэг нь илүү их найдвар төрүүлж буй. Хиймэл оюун ухаанд суурилсан энэ хэсэг нь хэрэглэгчийн бичвэр болон дуут асуултад хариулах юм. Хамгийн гол давуу тал нь тоглоом эсвэл рестораны хүлээлгийн хугацаа тодорхой түвшнээс багасах үед мэдэгдэл илгээх тохиргоотой бөгөөд ингэснээр хүмүүс утсаа тасралтгүй шалгах шаардлагагүй болно.
Асуудал шийдэгдэх үү?
Одоогоор уг шинэ апп нь Disney-н одоогийн үндсэн аппуудыг орлох эсэх нь тодорхойгүй байгаа бөгөөд мэдэгдэл авсны дараа захиалгаа үндсэн апп руугаа орж хийх хэрэг гарч болзошгүй байна. Түүнчлэн уг системийг Meta-гийн Ray-Ban ухаалаг нүдний шилтэй холбож, орчныхоо талаар хиймэл оюун ухаанаас асуух боломжийг туршиж байгаа нь бодит ертөнцөд бүрэн төвлөрөх зорилготой хэр нийцэж байгаа нь эргэлзээ төрүүлж байна. Disney уг аппликэйшнийг бүрэн дуусаагүй бүтээгдэхүүн гэдгийг хүлээн зөвшөөрч, хэрэглэгчдээсээ санал хүсэлт цуглуулж эхэлжээ.