Технологийн салбарт тэргүүлэгч DJI компанийн бүтээсэн Neo загварын бяцхан дрон одоогоор өөрийн түүхэн дэх хамгийн хямд үнээр худалдаанд гарлаа. Наймдугаар сарын 7-ны байдлаар Amazon сайтад уг төхөөрөмжийг 199 ам.доллароос 30 хувиар хямдруулан 139 ам.доллароор авах боломжтой болсон байна.

Урьд өмнө нь дрон нисгэхийн тулд удирдлага ашиглах, суралцах шаардлагатай байсан бол DJI Neo нь эдгээр бэрхшээлийг шийджээ. Энэхүү дрон нь алган дээрээс хөөрч, хүнийг автоматаар даган нисэж, 4K дүрс бичлэгийг удирдлагагүйгээр хийх боломжтой юм. Дөнгөж 135 грамм жинтэй тул авч явахад хялбар, цүнх эсвэл хүрэмний халаасанд багтах хэмжээтэй.

Дрон ашиглалтын онцлог

Тус төхөөрөмж нь найман төрлийн QuickShot горимтой тул хэрэглэгч ямар нэгэн тусгай ур чадваргүйгээр мэргэжлийн түвшний бичлэг хийх боломжтой. Мөн дуу хоолойгоор удирдах эсвэл DJI аппликейшн ашиглах боломжтой бөгөөд салхитай үед ч тогтвортой бичлэг хийх чадвартай юм. Сэнсний хамгаалалттай тул дотор орчинд болон саад бэрхшээл ихтэй газарт нисгэхэд эвдрэл гэмтлээс сэргийлдэг.

Анхаарах зүйл

Худалдан авахын өмнө нэг зүйлийг анхаарах нь зүйтэй. DJI Fly аппликейшн нь Google Play Store-д байхгүй байгаа тул хэрэглэгчид уг аппликейшнийг DJI-ийн албан ёсны вэбсайтаас шууд татаж авах шаардлагатай байна. Энэхүү хямдрал нь дрон сонирхогчид болон влог хийх хүсэлтэй хүмүүст тохиромжтой боломж юм.