Дэлхийд алдартай фэнтези тоглоомын цуврал болох Dragon Age-ийн ирээдүй бүрхэг байгааг уг цувралыг үндэслэгч Дэвид Гайдер онцоллоо. Тэрээр 2024 онд гарсан Dragon Age: The Veilguard тоглолтын борлуулалт хангалтгүй байсан нь цувралын цаашдын хувь заяанд сөргөөр нөлөөлж болзошгүйг дурдсан байна.

Тоглолтыг хэвлэн нийтлэгч EA компанийн мэдээлснээр, уг тоглолт борлуулалтын зорилтот түвшиндээ хүрч чадаагүй бөгөөд тооцоолсон 3 сая хувь борлуулалтаас бараг 50 хувиар дутаж, ердөө 1.5 сая хүн худалдан авчээ.

Dragon Age цувралын анхны тоглолт болон 2011, 2014 оны үргэлжлэлүүд дээр ажиллаж байсан Дэвид Гайдер PC Gamer сайтад өгсөн ярилцлагадаа, BioWare студид ажиллаж байх хугацаанд төсөл бүр хаагдах эрсдэлтэй тулгардаг байсныг дурссан юм. Тэрээр: "Бидний гаргасан тоглолтууд EA-гийн хүлээлтээс давж борлогддог байсан ч тэд үүнийг зүгээр л тохиолдлын хэрэг гэж үздэг байсан" хэмээн ярьжээ.

Хэдийгээр EA компани цувралыг цаашид үргэлжлүүлэх сонирхолгүй байгаа мэт харагдаж байгаа ч Дэвид Гайдер хэрэв боломж олдвол цувралд дахин амьсгал оруулах хүсэлтэй байгаагаа илэрхийлэв. Тэрээр цувралыг анхны харанхуй, аюултай уур амьсгал руу нь буцааж, хүмүүсийн сэтгэлийг хөдөлгөхүйц шинэ зүйлсийг бүтээх сонирхолтой байгаа аж.

Одоогоор BioWare студи анхаарлаа шинэ Mass Effect тоглолт руу хандуулж байгаа бөгөөд Veilguard тоглолтын найруулагч Коринн Буше студийг орхисон байна.