80-аад оны поп хөгжмийн ертөнцийг доргиож байсан Британийн алдарт Duran Duran хамтлаг бараг хагас зууны турш уран бүтээлээ туурвиж, өнөөг хүртэл салж хагацалгүй үлдэж чадсан нь хөгжмийн ертөнцийн хувьд гайхамшигтай үзэгдэл юм. Тэгвэл хамтлагийн гишүүд энэхүү урт удаан амжилтынхаа нууцыг дэлгэлээ.

Хамтлагийнхны хэлж буйгаар тэдний удаан хугацаанд хамт байхын гол үндэс нь маш энгийн бөгөөд шударга зарчим буюу олсон орлогоо гишүүн бүрдээ яг тэнцүү хуваадаг явдал аж. Олон хамтлаг мөнгө санхүү, эрх мэдлийн маргаанаас болж тарж бутардаг бол Duran Duran анх байгуулагдсан цагаасаа л энэхүү зарчмыг баримталж ирсэн нь тэднийг нэгдмэл байлгах гол хүчин зүйл болжээ.

"Бид бүх орлогоо тэнцүү хуваадаг. Энэ нь биднийг хоорондоо өрсөлдөх бус, харин хамтдаа урагшлахад тусалдаг" хэмээн хамтлагийн гишүүд NME сэтгүүлд өгсөн ярилцлагадаа дурдсан байна. 1978 онд байгуулагдсан Duran Duran нь "Hungry Like the Wolf", "Rio", "Ordinary World" зэрэг дэлхий даяар алдаршсан олон хит дуунуудыг гаргасан бөгөөд өнөөг хүртэл идэвхтэй уран бүтээл туурвисаар байгаа юм.

Хөгжмийн ертөнцийн хувьд хамтлаг, дуучид хоорондын харилцаа нь ихэвчлэн хувийн амбиц болон санхүүгийн асуудлаас болж хурцаддаг. Гэвч Duran Duran-ы энэхүү "тэгш хуваарилалт"-ын зарчим нь өнөөгийн залуу уран бүтээлчид болон хамтлагуудад том сургамж болж байна. Хамтлагийн гишүүд хоорондоо үл ойлголцол үүсэх үед ч санхүүгийн хувьд шударга байх нь итгэлцлийг хадгалах хамгийн сайн арга гэдгийг баталж байна.