Дэлхийн тоглоомын зах зээлийн томоохон тоглогч Electronic Arts (EA) компани 55 тэрбум долларын өртөгтэй худалдаагаа амжилттай дуусгаснаар 36 жилийн түүхэндээ анх удаа хувьцаат компани байхаа больж, хувийн хэвшилд шилжлээ. Энэхүү томоохон хэлцлийн хүрээнд компанийн бүх хувьцаа эзэмшигчид, тэр дундаа олон тооны ажилтнууд нэгж хувьцаа бүрт 210 долларын нөхөн олговор авах юм.
Санхүүгийн ачаалал ба цомхотгол
Шинэ эзэмшигчдийн зүгээс компанийн үйл ажиллагааны зардлыг жилд 700 сая доллараар танах төлөвлөгөөтэй байгаагаа өрийн хөрөнгө оруулагчдад мэдэгдсэн байна. Үүний дотор 170 сая долларыг "байгууллагын үр ашгийг дээшлүүлэх" нэрийн дор танахаар төлөвлөж байгаа нь масс цомхотгол хийгдэх дохио гэж салбарын шинжээчид үзэж байна. Bloomberg агентлагийн сэтгүүлч Жэйсон Шрайерийн мэдээлснээр, компани 18 тэрбум долларын өрөнд орж байгаа бөгөөд жилд ойролцоогоор 1.8 тэрбум долларын хүүгийн төлбөр төлөх шаардлагатай болох юм.
Саудын Арабын хөрөнгө оруулалт ба ирээдүйн сорилтууд
Энэхүү наймааг Саудын Арабын Төрийн хөрөнгө оруулалтын сан (PIF) болон Жаред Кушнерийн удирддаг Affinity Partners компани тэргүүлэн гүйцэтгэжээ. Салбарын мэргэжилтнүүд энэхүү өрийн ачаалал нь компанийг илүү түрэмгий байдлаар орлого олох, зардлаа танах арга хэмжээ авахад хүргэж болзошгүйг анхааруулж байна. Мөн "The Sims" зэрэг алдартай тоглоомуудын агуулгад өөрчлөлт орох эсэх, хүний эрхийн асуудалтай холбоотой шүүмжлэлүүд ч өрнөж байна. Тухайлбал, Players Alliance HQ байгууллага PIF-ийн хяналт нь үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө болон жендэрийн асуудлаарх агуулгыг хязгаарлаж болзошгүй гэж үзэн геймерүүдийг улстөрчдөд хандахыг уриалжээ.
Arrowhead Game Studios-ийн гүйцэтгэх захирал Шамс Жоржани шинэ эзэмшигчид компанийг бүтээлч байдлыг нь үгүй хийж, зөвхөн олон ангит цуврал болон томоохон франчайзуудад хэт анхаарна гэж санаа зовж буйгаа илэрхийлсэн байна.