2026 оны хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг угтсан FIFA-гийн “Countdown Concert” буюу тооллогын тоглолтууд дэлхий даяар үргэлжилж байна. Энэ удаагийн тоглолт Мексик улсад өрнөж, үзэгчдийг гайхалтай хөгжмийн хөтөлбөрөөр байлдан дагууллаа.
Тайзнаа дэлхийн сонгодог хөгжмийн домог, Италийн алдарт дуучин Андреа Бочелли гарч ирсэн нь үдшийн оргил мөч байв. Түүнтэй хамт Мексикийн алдартай “Los Ángeles Azules” хамтлаг, поп од Белинда болон Венесуэлийн дуучин, дуу зохиогч Елена Роуз нар ая дуугаа өргөжээ. “Los Ángeles Azules” нь Мексикийн уламжлалт “кумбиа” хөгжмийн урсгалыг дэлхийд таниулсан хамтлаг бол Белинда нь Латин Америкийн поп хөгжмийн ертөнцийн хамгийн нөлөө бүхий уран бүтээлчдийн нэг юм.
Энэхүү цуврал тоглолт нь зөвхөн Мексикээр хязгаарлагдахгүй бөгөөд Лос-Анжелес, Торонто зэрэг хотуудад ч мөн зохион байгуулагдаж байгаа юм. FIFA-гийн зүгээс хөлбөмбөгийн спортыг хөгжимтэй хослуулан, дэлхийн өнцөг булан бүрийн хөгжөөн дэмжигчдийг нэгтгэх зорилгоор энэхүү арга хэмжээг санаачилсан байна.
Спортын том үйл явдлыг угтсан энэ мэт соёлын арга хэмжээнүүд нь хөлбөмбөгийн баяр болох 2026 оны ДАШТ-ийг улам бүр сонирхолтой болгож байна. Хөгжим болон спортын нэгдэл нь олон сая хөгжөөн дэмжигчийн хүлээлтийг улам өндөрсгөж, дэлхий нийтийг нэгэн цул болгон нэгтгэхэд чухал үүрэг гүйцэтгэж байгааг зохион байгуулагчид онцоллоо.