АНУ-ын Сангийн яамны Санхүүгийн гэмт хэрэгтэй тэмцэх сүлжээ (FinCEN) крипто гүйлгээний эх үүсвэр, очих хаяг болон дүнг нууцлах зориулалттай “крипто миксинг” үйлчилгээтэй холбоотой тайлагналын саналаа буцаан татаж байгаагаа аравдугаар сарын 5-нд мэдэгдлээ. Энэхүү цуцлах мэдэгдлийг аравдугаар сарын 6-нд Холбооны бүртгэлд (Federal Register) нийтлэхээр төлөвлөсөн бөгөөд нийтлэгдсэн өдрөөс эхлэн хүчин төгөлдөр болох юм.

Тус агентлаг 2023 онд олон улсын крипто миксингийг мөнгө угаах гол эрсдэлтэй гүйлгээний ангилал хэмээн тодорхойлж байсан дүгнэлт болон холбогдох бүртгэл, тайлагналын дүрэм журам батлах саналаа ийнхүү хоёуланг нь бүрэн цуцалж байна.

Шүүмжлэл ба цуцлах болсон шалтгаан

FinCEN-ийн зүгээс тайлбарлахдаа уг дүрэмд өгсөн өргөн хүрээний тодорхойлолт нь хууль ёсны үйл ажиллагааг боомилж, тайлагналын асар их дарамт үүсгэнэ гэж салбарынхан болон олон нийтийн зүгээс шүүмжилснийг харгалзан үзсэн гэжээ.

Анх дэвшүүлсэн журам нь зөвхөн тусгай миксинг үйлчилгээнүүдээр хязгаарлагдахгүй, хөрөнгийг нэгтгэх (pooling), кодоор гүйлгээг зохицуулах, шилжүүлгийг хуваах, нэг удаагийн олон түрийвчээр дамжуулах, крипто хооронд солих зэрэг олон төрлийн үйлдлийг хамарч байсан юм. Хэрэв энэ дүрэм батлагдсан бол санхүүгийн байгууллагууд харилцагчийн түрийвчний хаяг, гүйлгээний хаш (hash), IP хаяг болон хувийн мэдээллийг холбогдох байгууллагад тайлагнах үүрэг хүлээх байв.

Хүчин төгөлдөр хэвээр үлдэх зохицуулалтууд

Хэдийгээр дээрх хэрэгжээгүй төслийг цуцалж байгаа ч FinCEN-ийн одоо мөрдөгдөж буй дүрэм журмууд хүчин төгөлдөр хэвээр үлдэнэ. Үүнд крипто шилжүүлэг эрхлэгчдийн бүртгэл, мөнгө угаахтай тэмцэх хөтөлбөр, сэжигтэй гүйлгээг мэдээлэх шаардлага болон "Funds Travel Rule" журам багтаж байна.

Түүнчлэн FinCEN нь мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэх зэрэг хууль бус үйл ажиллагаанд крипто миксингийг ашиглаж буй эсэхийг үргэлжлүүлэн хянаж, шаардлагатай бол дараагийн алхмуудыг авч магадгүй гэдгээ мэдэгдсэн байна.