Америкийн алдартай рок хамтлаг Foo Fighters Австрали дахь "Take Cover" аялан тоглолтоо Брисбэн хотын Suncorp Stadium цэнгэлдэх хүрээлэнгээс албан ёсоор эхлүүллээ. Тэд тайзан дээр гурван цагийн турш тоглож, эрч хүчтэй үзүүлбэрүүдээ үзэгчдэд хүргэсэн байна.

Энэ нь тус хамтлагийн хувьд сүүлийн 10 сарын хугацаанд Австралид ирж буй хоёр дахь тохиолдол юм. Тэд өнгөрсөн нэгдүгээр сард Тасмани арлын Лонсестон хотод ганцхан удаагийн гурван цагийн тоглолт хийхийн тулд 48 цагийн урт замыг туулан очсон түүхтэй. Харин 2022 онд хорио цээрийн дэглэмд өртсөн аялан тоглолтын салбарыг дэмжих зорилгоор Мельбурнийн ойролцоох Жилонг хотод нэгэн үдшийг тоглож байв.

Брисбэнд болсон тоглолтын үеэр гитарчин Крис Шифлетт AC/DC хамтлагийн подволктой гарч ирсэн бол хамтлагийн ахлагч Дэйв Грол уг улстай холбогдсон 30 жилийн түүхээсээ хуваалцжээ. Тэрбээр үзэгчдэд хандан “30 жилийн дараа ч энд байж, та бүхэнд зориулан дахин аялан тоглолт хийж байгаадаа маш их талархаж байна. Австралид ‘үгүй’ гэж хэлэхэд үнэхээр хэцүү” хэмээн онцолсон байна. Тэд энэ үдшийн эхэнд “All My Life” дуугаа хүргэж, уламжлал ёсоор “Everlong” дуугаараа тоглолтоо өндөрлүүлжээ.

Frontier Touring-ийн зохион байгуулж буй уг аялан тоглолтын хуваарийн дагуу хамтлаг 11 дүгээр сарын 17-нд Аделаидад тоглосны дараа түр завсарлага авна. Үүний дараа нэгдүгээр сарын сүүлээр Шинэ Зеландад тоглож, улмаар Перт хотод аялан тоглолтоо хаахаар төлөвлөжээ. Ингэснээр тэд нэг жилийн хугацаанд нийт гурван удаа Австралийг зорих юм.