Автомашин үйлдвэрлэлийн салбарын аварга Ford компани цахилгаан тээврийн хэрэгслийн стратегиа шинэчлэх хүрээнд анхны шинэ загварын нэр болон үнийг албан ёсоор зарлалаа. Тус компани өмнө нь хамгийн их борлуулалттай F-150 загвараа цахилгаан хөдөлгүүрт шилжүүлэх оролдлого хийсэн ч төдийлөн амжилттай болоогүй юм. Иймд тэд илүү эрс шийдэмгий алхам хийж, Калифорни мужид дотоод судалгааны баг байгуулан, цахилгаан автомашины платформыг сууриар нь өөрчлөн бүтээхээр ажиллаж байна.

Энэхүү шинэ төслийн хүрээнд бүтээгдэж буй дөрвөн хаалгатай, хямд үнэтэй цахилгаан пикап машиныг Ford Fathom хэмээн нэрлэхээр шийджээ. Тус автомашины үнэ 28,350 ам.доллароос эхлэх юм. Ford компани энэхүү загвараа бүтээхдээ АНУ болон Хятадын цахилгаан автомашин үйлдвэрлэгчдийн дэвшилтэт шийдлүүдийг судалж, туршлагаас нь нэвтрүүлж байгаа аж.

Fathom загвар нь Ford-ын шинэ UEV платформ дээр суурилан бүтээгдэж байгаа бөгөөд электроникийн хувьд zonal architecture буюу бүсчилсэн архитектурын шийдлийг ашиглах юм. Энэ нь автомашинд ашиглагддаг олон арван тусдаа электрон хяналтын нэгжүүдийг цөөн тооны хүчирхэг компьютеруудаар орлуулах замаар машины дотоод утасжилтын хэмжээг эрс багасгах боломжийг олгодог байна.