Forza Horizon 6 видео тоглоомын тоглогчид машиндаа анимэ сэдэвтэй загвар ашигласнаас болж дахин олноороо бан авч байгаа тухай мэдээлж байна. Үүний улмаас зарим бүтээлч тоглогчид өөрсдийн зурсан загваруудаа алдаж байгаа бол зарим нь бүр төхөөрөмжийн түвшинд бүр мөсөн бан (hardware ban) авсан гэж мэдэгджээ.

Энэхүү асуудал тоглоомын Япон дахь комьюнитид ихээхэн шүүмжлэл дагуулаад байна. Учир нь тоглоомын үйл явдал өрнөж буй тухайн улсаас гаралтай соёлыг шийтгэж байгаад тоглогчид хөгжүүлэгч Playground Games компанийг буруутгаж байгаа юм.

Машин дээр анимэ, манга болон видео тоглоомын баатруудыг томоор дүрсэлдэг энэхүү Японы соёлыг «иташа» (itasha) гэж нэрлэдэг. Тоглогчид олон жилийн турш уг стилийг Forza цувралд ашиглаж ирсэн хэдий ч сүүлийн үеийн гомдол, шийтгэлүүдээс болж зарим уран бүтээлчид нийтэлсэн загваруудаа устгах эсвэл шинээр оруулахаа бүрэн зогсооход хүрчээ.

Түүнчлэн бусад тоглогчдын хийсэн загварыг татаж авч хэрэглэсэн болон анимэ зурагтай машины зургийг бусадтай хуваалцсаны төлөө хэд хэдэн тоглогч шийтгэл хүлээсэн гэж мэдээлсэн байна.