Цахим спортын G2 Esports байгууллага тоглоом хэвлэн нийтлэгч Wizards of the Coast компанитай урт хугацааны хамтын ажиллагааны гэрээ байгууллаа. Энэхүү түншлэлийн хүрээнд G2 багийн Counter-Strike 2 тоглоомын өмсгөл дээр Wizards of the Coast-ийн багц дахь өөр өөр тоглоомуудыг ээлжлэн байршуулах юм.
Эхний ээлжинд Archetype Entertainment-аас гаргах гэж буй шинжлэх ухааны уран зөгнөлт, дүр бүтээх төрлийн Exodus тоглоомын лого өмсгөл дээр байрласан бөгөөд цаашид хамтын ажиллагааны хугацаанд Wizards-ийн бусад тоглоомуудаар солигдох аж.
Энэхүү Exodus тоглоомын лого бүхий шинэ өмсгөл нь наймдугаар сарын 12-ны өдөр Esports World Cup тэмцээний үеэр, G2 баг M80-ийн эсрэг хийсэн нээлтийн тоглолтын үеэр анх удаа танилцуулагдсан байна. Уг тоглолтод G2 баг өрсөлдөгчөө Mirage газрын зураг дээр 13-11 харьцаатайгаар буулган авснаар уг шинэ загвар нь 32 баг өрсөлдөж буй, 2 сая ам.долларын шагналын сантай Counter-Strike тэмцээний шууд дамжуулалтаар үзэгчдэд шууд хүрлээ.