Телевиз, интернэт анх гарч ирэх үед цөөн суваг, нэгдсэн орон зайтай байсан бол өнөө үед олон төрлийн платформ, бичил бүлгүүд болон задарчээ. Ялангуяа залуу үеийнхний цахим хэрэглээ алгоритмд суурилсан сонирхлын жижиг орон зайд төвлөрөх болсон бөгөөд энэ нь болзоо, харилцаа тогтоох хэв маягт нь ч нөлөөлж байна.

Тоон үзүүлэлт ба болзооны апп-ууд

Statista-гийн 2023 онд хийсэн судалгаагаар болзооны апп хэрэглэгчдийн 61 хувийг 30-34 насныхан эзэлж байсан бол 18-29 насныхан ердөө 26 хувийг бүрдүүлж байгаа нь ажиглагджээ. Энэхүү хандлагаас үүдэн хэвлэлүүдээр болзооны апп-уудын ирээдүйг эргэлзсэн гарчгууд гарах болсон төдийгүй болзооны апп-уудын хувьцааны ханш дунджаар 38 хувиар буурсан үзүүлэлттэй байна.

Гэвч энэ нь Gen Z үеийнхэн хайр дурлал, болзооноос бүрмөсөн татгалзсан гэсэн үг биш юм. Тэд миллениалуудаас өөр замаар харилцаа тогтоох хандлагатай байна.

Сонирхлын жижиг бүлгүүд рүү чиглэсэн сонголт

Залуус зураг гүйлгэж танилцдаг уламжлалт аргаас илүүтэй тодорхой үнэт зүйл, сонирхол дээр суурилсан "hyper-niche" буюу бичил орон зайг сонгох болжээ. Жишээлбэл, ном уншигчдад зориулсан BookTok, хөрөнгө оруулалт сонирхогчдын FinTok, эсвэл фитнесс, эрүүл амьдралын хэв маягийг эрхэмлэдэг FitTok зэрэг нийгэмлэгүүдэд хүмүүс нэгдэж байна.

Ийм сонирхлын бүлгүүдэд байгаа хүмүүс ижил үнэт зүйл, үзэл бодолтой байх магадлал өндөр тул Gen Z залуус болзооны апп-аар хүрээгээ тэлэхээс өмнө өөрт тохирох хүрээллээ эдгээр бичил орчноос хайх болжээ.