Технологийн аварга Google компани болон АНУ-ын Холбооны мөрдөх товчоо (FBI) хамтран интернэт орчинд гэмт хэрэг үйлдэхдээ ашигладаг томоохон ботнет сүлжээг илрүүлэхээр ажиллаж байна.
Энэхүү сүлжээ нь Android үйлдлийн системтэй, хямд үнэтэй, брэнд бус төхөөрөмжүүдийг олзолж, тэдгээрийг өөрсдийн гэмт хэргийн үйл ажиллагаандаа ашиглаж байжээ. Гэмт этгээдүүд эдгээр төхөөрөмжийг ашиглан онлайн орчинд өөрсдийн ул мөрийг нуун далдлах, улмаар хууль бус үйл ажиллагаагаа масклах зорилгоор ашигладаг байсан нь тогтоогдсон байна.
Уг ажиллагааны хүрээнд сая сая төхөөрөмж гэмт хэрэгтнүүдийн хяналтад орсон байсныг илрүүлжээ. Энэхүү ботнет сүлжээ нь хэрэглэгчийн төхөөрөмжийг эзэмшигчийнх нь мэдэлгүйгээр гэмт хэргийн хэрэгсэл болгон ашиглаж байсан нь хамгийн ноцтой асуудал болоод байна. Одоогоор Google болон FBI-ийн зүгээс уг сүлжээг бүрэн таслан зогсоох, хэрэглэгчдийг хамгаалах чиглэлд тодорхой арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлж байна.