Google-ийн DeepMind болон Google Research багийнхан цаг уурын шинжээчдийг гайхшруулсан шинэ амжилтыг үзүүлжээ. Тэдний хөгжүүлсэн WeatherNext хэмээх хиймэл оюун ухааны загвар нь хар салхины хөдөлгөөнийг урьдчилан таамаглах өндөр нарийвчлалтай болох нь батлагдсан байна.

Энэхүү технологийн чадамжийг 2025 оны 10-р сард Карибын тэнгист үүссэн хар салхины үеэр бодитоор харжээ. Тухайн үед цаг уурын уламжлалт загварууд шуурганы чиглэлийн талаар зөрүүтэй таамаглал дэвшүүлж байв. Зарим загвар нь шуургыг сул хэвээр үлдэж Гайтиг чиглэнэ гэж үзэж байсан бол WeatherNext загвар нь шуурга эрчимжиж, Ямайкийг чиглэнэ гэж таамагласан юм.

Цаг хугацаа хожсон нь

WeatherNext нь газардах хүртэлх таван хоногийн өмнө тус шуурга Ямайкад 5-р зэрэглэлийн хар салхи болон бууна гэдгийг 80 хувийн итгэлтэйгээр урьдчилан хэлжээ. Хэдийгээр Мелисса нэртэй энэхүү хар салхи Ямайкад үер усны аюул, хөрсний гулгалт үүсгэж, их хэмжээний сүйрэл дагуулсан ч хиймэл оюун ухааны өгсөн эртний сэрэмжлүүлгийн ачаар оршин суугчид илүү сайн бэлтгэл хангах боломжтой болсон байна.

Nature сэтгүүлд нийтлэгдсэн судалгаанаас үзэхэд WeatherNext нь одоогийн цаг уурын загваруудаас дунджаар нэг хоногоор илүү хугацааг урьдчилан харах боломжийг олгодог. Тодруулбал, уг загварын гурван хоногийн өмнөх таамаглал нь өмнөх үеийн загваруудын хоёр хоногийн өмнөх таамаглалтай ижил нарийвчлалтай байна. Цаг уурын гамшгийн үед энэхүү нэмэлт нэг хоног нь хүмүүсийн аюулгүй байдлыг хангах, бэлтгэл ажлыг бүрэн дүүрэн хийхэд чухал нөлөөтэй юм.