Технологийн салбарын аварга Google компани Европын холбооны Дижитал зах зээлийн тухай хуулийг (DMA) зөрчсөн хэмээн үзэж, нийт нэг тэрбум гаруй ам.долларын торгууль хүлээлээ. Ингэснээр тус компани уг хуулийн хүрээнд хариуцлага тооцуулсан гурав дахь том технологийн корпорац болж байна.
Европын комиссын мэдээлснээр, Google компани хоёр томоохон зөрчил гаргасан гэж үзжээ. Үүний 522 сая ам.долларыг Google хайлт дээр өөрийн үйлчилгээнүүдийг илүүд үзэж, бусад өрсөлдөгчдөө ялгаварлан гадуурхсан үйлдлийн төлөө ногдуулсан байна. Тухайлбал, нислэгийн тийз, зочид буудал, дэлгүүрийн хайлтын илэрцүүдэд Google өөрийн үйлчилгээг давуу эрхтэйгээр харуулдаг байжээ.
Үлдсэн 488 сая ам.долларыг апп хөгжүүлэгчдийн үйл ажиллагаанд саад учруулсан, тухайлбал Google Play дэлгүүрээс гадуур хямд үнээр үйлчилгээ авах боломжийг хэрэглэгчдэд олгохгүй байх, төлбөр хураамж ногдуулах зэрэг «anti-steering» буюу хэрэглэгчийг чиглүүлэхээс сэргийлсэн практикийн төлөө оногдуулжээ.
Европын комисс Google компанид үйлчилгээгээ өөрчлөх 60 хоногийн хугацаа өгсөн байна. Хэрэв тогтоосон хугацаанд шаардлагатай өөрчлөлтүүдийг хийхгүй бол өдөр тутмын нэмэлт торгууль ногдуулах эрсдэлтэй гэдгийг анхааруулжээ. Google нь гуравдагч талын үйлчилгээнүүдийг хайлтын илэрцэд ялгаваргүйгээр, шударгаар харуулах, мөн апп хөгжүүлэгчдэд Google Play-ээс гадуур санал хүргүүлэх, хэрэглэгчдийг бүртгэх боломжийг техникийн болон гэрээний хувьд чөлөөтэй олгох үүрэг хүлээж байна.