Технологийн томоохон компани Google сансарт хиймэл оюун ухааны (AI) дата төв байгуулах Илон Маскийн алсын харааг бодит болгохоор ажиллаж байна. Тус компани SpaceX-ийн тусламжтайгаар 2026 оны 10-р сарын 1-ний Пүрэв гарагт туршилтын хиймэл дагуулаа Falcon 9 пуужингаар сансарт хөөргөхөөр төлөвлөжээ.
Энэхүү ажил нь сансарт AI дата төв байгуулах зорилготой Google-ийн Project Suncatcher төслийн хүрээнд хийгдэж буй бөгөөд уг төслийг 2025 оны 5-р сард эхлүүлсэн байна. New York Times сонины мэдээлснээр уг туршилтын хиймэл дагуул нь сансраас хиймэл оюун ухааны энгийн асуултуудад хариулах боломжтой байх аж.
Сансрын дата төвийн бүтэц ба сорилт
Google энэ удаад сансарт бүрэн хэмжээний дата төв илгээхгүй бөгөөд түүний эхний туршилтын загвар болох MVP нэртэй хиймэл дагуулыг илгээж байна. Уг хиймэл дагуул нь Дэлхий дээрх дата төвийн нэг серверийн тооцоолох хүчин чадалтай тэнцэх дөрвөн ширхэг тусгай TPU чиптэй ажээ. Эдгээр чип нь хиймэл дагуулын нарны зайнаас 1 киловатт эрчим хүч авах бөгөөд Google-ийн үзэж буйгаар энэ нь техник хангамжийн сансар дахь ажиллагааг шалгахад хангалттай юм.
Сансарт дата төв байршуулахад хөргөлтийн асуудал хамгийн том судалгааны сорилт болдог. Чипүүд их хэмжээний дулаан ялгаруулдаг ч сансрын вакуум орчинд агаарын урсгал байхгүй тул сэнс ажиллах боломжгүй, зөвхөн тусгай радиатороор дулааныг сарниулах шаардлагатай болдог байна. Иймээс уг хиймэл дагуул Gemini хиймэл оюун ухааны богино хүсэлтүүдийг 15 минутын турш боловсруулсны дараа чипүүдийг тусгай системээр хөргөхийн тулд түр унтраах горимоор ажиллах ажээ.
Цаашдын төлөв
Хиймэл дагуул сансарт нэг жилийн хугацаанд ажиллах төлөвтэй байгаа бөгөөд үйл ажиллагаа нь зогссоноос хойш нийт зургаан жилийн турш Дэлхийг тойрон эргэлдэж, эцэст нь татах хүчний нөлөөгөөр агаар мандалд орж шатах юм.
Илон Маск өөрийн xAI компанийг SpaceX-тэй нэгтгэх үеэрээ AI-ийн эрчим хүч болон хөргөлтийн хэрэгцээг Дэлхийн нөөцөөр хангахад хүндрэлтэй тул урт хугацаандаа сансарт дата төв байгуулах нь цорын ганц гарц хэмээн мэдэгдэж байв. Хэдийгээр эдгээр туршилт амжилттай болсон ч сансрын дата төв бүрэн биеллээ олоход олон жил, магадгүй хэдэн арван жил шаардагдаж болзошгүй байна.