Google компани өөрийн бүтээгдэхүүнүүддээ хиймэл оюун ухааныг идэвхтэй нэвтрүүлж байгаагийн нэг илрэл болж Google Earth платформдоо Nano Banana 2 хиймэл оюун ухааны загварыг нэмлээ. Энэхүү технологи нь өмнө нь Chrome, Photos, Search, Gemini Notebook болон Google Messages зэрэг үйлчилгээнүүдэд ашиглагдаж байсан бөгөөд одоо газрын зураг дээр илүү өргөн боломжийг санал болгох зорилготой ажээ.
Шинэ боломжууд ба бодит байдал
Google-ийн зүгээс Nano Banana-г ашиглан газрын зураг дээрх тодорхой байршил эсвэл дурсгалт газруудад үндэслэн инфографик үүсгэх, тухайн газрын түүхэн үеийг харах, эсвэл барилгын ажил эхлэхээс өмнө төслийг дүрслэн харуулах зэрэг олон талт үйлчилгээ үзүүлнэ хэмээн мэдэгдсэн. Ялангуяа үл хөдлөх хөрөнгийн салбарынханд зориулсан газрын зураг дээрх байгууламжийг өөрчлөн харуулах боломж нь гол онцлог болох ёстой байв.
Гэвч ZDNet технологийн мэдээллийн сайтын хийсэн туршилтаар энэхүү шинэчлэл нь одоогоор туршилтын төдий байгаа нь тогтоогджээ. Тухайлбал, Street View буюу гудамжны харагдац дээр дүрс үүсгэх товчлуур байхгүй байгаа нь хэрэглэгчдэд хүндрэл учруулж байна. Мөн түүхэн үеийг дүрслэх функц нь түүхийн хувьд үнэн зөв мэдээлэлд тулгуурладаггүй бөгөөд тухайн үед байгаагүй барилгуудыг дүрслэх зэрэг алдаа гаргаж байна.
Түүнчлэн, инфографик үүсгэх явцад газрын зураг дээрх байршлын бүтцийг алдагдуулах, ойлгомжгүй, утгагүй текст үүсгэх зэрэг асуудлууд ажиглагджээ. Одоогоор Google Earth-ийн энэхүү шинэ функц нь хэрэглэгчдийн хүлээлтийг бүрэн хангаж чадахгүй байгаа бөгөөд хөгжүүлэлтийн эхэн үедээ яваа технологи гэдгийг мэргэжилтнүүд онцолж байна.