Технологийн аварга Google компани өөрийн газрын зураг болон газарзүйн мэдээллийн Google Earth платформдоо хиймэл оюун ухаанд суурилсан зураг үүсгэгч Nano Banana технологийг нэмж оруулаад байсан ч ердөө нэг өдрийн дараа уг шийдвэрээ эргүүлэн татлаа.
Шинэ боломж ба эрсдэл
Google компани уг технологийг хэрэглэгчдэд тухайн байршлын талаарх инфографик үүсгэх, түүхэн дүр төрхийг харах, үл хөдлөх хөрөнгийн санаа олох зэрэг олон төрлийн зорилгоор ашиглах боломж олгоно гэж үзэж байв. Гэвч 404 Media-ийн ажигласнаар, энэхүү боломж нь хэрэглэгчдэд худал мэдээлэл түгээхэд хэтэрхий хялбар нөхцөлийг бүрдүүлж байжээ. Тухайлбал, тухайн байршил дээр цөмийн зэвсэг дэлбэрсэн эсвэл Google-ийн оффис дээр эсэргүүцлийн жагсаал болж байгаа мэтээр хуурамч зураг үүсгэх боломжтой байсан нь ноцтой асуудал үүсгэсэн байна.
Google-ийн тайлбар ба шүүмжлэл
Google компани эхэндээ уг асуудлыг шийдвэрлэхийн тулд Nano Banana-аар бүтээсэн бүх зурагт SynthID дижитал тэмдэглэгээ байршуулж, хэрэглэгчид зураг үнэн эсэхийг шалгах боломжтой гэж мэдэгдэж байв. Мөн “хор хөнөөлтэй” агуулгатай зураг үүсгэхээс сэргийлэх хязгаарлалт тавьснаа дурдсан.
Гэсэн хэдий ч олон нийтийн зүгээс хүчтэй эсэргүүцэлтэй тулгарсан юм. Тухайлбал, “Gravity Falls” цувралын бүтээгч Алекс Хирш Google-ийн шийдвэрийг шүүмжилж, “Та нар Силиконы хөндийгөөс гарч, бодит хүмүүстэй уулзаж үзээрэй. Хэн ч бүх бүтээгдэхүүндээ хиймэл оюун ухааны хог шаар чихэхийг хүсэхгүй байна” хэмээн хатуухан хэлжээ.
Эцэст нь Google компани өөрийн байр сууриа илэрхийлж, хүмүүс Google Earth-ийн өгч буй мэдээлэлд итгэдэг гэдгийг хүлээн зөвшөөрөөд, бодлого зөрчсөн зурагт мэдээллүүд олон нийтийн сүлжээнд тархсантай холбогдуулан уг функцийг цуцалж байгаагаа зарлав. Тэд илүү хүчирхэг хамгаалалтын систем нэвтрүүлэх хүртэл энэ боломжийг түр зогсоож байгаагаа мэдэгджээ. Тус компаниас generated буюу хиймэл оюун ухаанаар үүсгэсэн зургууд нь Google Earth-ийн үндсэн хувилбарт харагддаггүй байсан гэдгийг онцолсон байна.