Дэлхийн газрын зураг болон хиймэл дагуулын дүрслэлээрээ алдартай Google Earth үйлчилгээ хиймэл оюун ухааны шинэ технологио нэвтрүүлснийхээ дараахан эргүүлэн татсан байна. Google компани хэрэглэгчдэд хиймэл дагуулын болон агаарын зураг дээр суурилан өөрийн хүссэнээр өөрчлөгдсөн дүрсийг бүтээх боломжийг олгож байжээ.
Энэхүү боломжийг Google Earth-ийн бүтээгдэхүүний менежер Брайан Хоровиц өөрийн блогоор дамжуулан анх танилцуулсан юм. Тэрээр "Анх удаагаа та бүхэн Nano Banana хиймэл оюун ухааны тусламжтайгаар Google Earth-ийн хиймэл дагуулын болон 3D зураглалыг ашиглан бодит байдал дээр суурилсан өвөрмөц дүрсийг бүтээх боломжтой боллоо" хэмээн онцолж байв. Nano Banana 2 хэмээх уг технологи нь хэрэглэгчийн өгсөн зааврын дагуу бодит байршлуудыг өөрчлөн харуулах зориулалттай байжээ.
Гэвч энэхүү функц нээлтээ хийсний дараа хэрэглэгчид хиймэл оюун ухаанаар бүтээсэн, бодит байдалтай үл нийцэх олон жишээг олон нийтийн сүлжээнд хуваалцаж эхэлсэн байна. Энэ нь ташаа мэдээлэл болон хуурамч дүрслэлүүд тархах эрсдэлийг дагуулж байгааг анзаарсан Google компани уг шийдвэрээ маш богино хугацаанд эргүүлэн татжээ.
Одоогийн байдлаар хиймэл оюун ухааны тусламжтайгаар бодит барилга байгууламж болон хотын дүрсийг өөрчлөх боломжтой олон төрлийн хэрэгсэл байдаг. Гэсэн хэдий ч Google-ийн энэ удаагийн оролдлого нь хэрэглэгчдэд Google Earth-ийн баталгаатай, бодит дүрслэлүүдийг ашиглан хуурамч мэдээлэл үүсгэхэд урьд өмнөхөөс илүү хялбар болгосон гэж үзэж байна.