Google Photos нь зураг засварлах үйл явцыг хялбаршуулдаг ч олон зургийг нэгэн зэрэг ижил тохиргоогоор засах боломж дутагдалтай байсаар ирсэн. Тэгвэл энэхүү асуудлыг шийдвэрлэх "Batch" хэмээх шинэ өргөтгөл гарчээ.

Энэхүү хэрэгсэл нь Google Photos-ийн вэб хувилбарт нэмэлт товчлуур нэмж, хэрэглэгчдэд олон зургийг зэрэг сонгон ижил засвар оруулах боломжийг олгодог. Үүнийг ашиглахын тулд Chrome эсвэл Chromium суурьтай хөтөч дээр "Batch" өргөтгөлийг суулгахад л хангалттай. Зураг сонгосны дараа баруун дээд буланд гарч ирэх товчлуурыг дарж, хүссэн засвараа хийхэд л систем автоматаар бүх зураг дээр уг тохиргоог хэрэгжүүлдэг.

Хэрхэн ажилладаг вэ?

"Batch" нь Google Photos-ийн өөрийнх нь засварлах сонголтуудыг ашигладаг бөгөөд үйл явцын явцад ахиц дэвшлийг харуулах мөр гарч ирдэг. Засвар дууссаны дараа хэрэглэгчдэд мэдэгдэл ирэх ба засварлагдсан зургууд таны Google Photos сан хөмрөгт шууд хадгалагдана. Шаардлагатай тохиолдолд та ердийн үйлдлийн дагуу засвараа буцаах боломжтой.

Энэхүү хэрэгсэл нь зөвхөн зураг засахаас гадна, "motion photo" буюу хөдөлгөөнт зургийг энгийн зураг болгон хувиргах замаар хадгалах сангийн зайг хэмнэх боломжийг олгодог. "Batch" нь таны мэдээллийг өөр сервер рүү илгээдэггүй бөгөөд зөвхөн таны хөтөч дотор ажилладаг тул аюулгүй байдлын хувьд найдвартай юм. Энэхүү шийдэл нь олон зургийг тайрах, эргүүлэх эсвэл ижил шүүлтүүр ашиглах үед цаг хугацааг ихээхэн хэмнэх ач холбогдолтой юм.