Samsung компани шинэ утаснуудаа танилцуулсан ч технологийн ертөнцөд Google-ийн ээлжит том арга хэмжээ удахгүй болох гэж байна. Google компани өөрийн бүтээгдэхүүнүүдээ танилцуулах "Made By Google" арга хэмжээг ирэх наймдугаар сарын 12-ны өдөр Нью-Йорк хотноо зохион байгуулахаар товложээ.
Энэхүү арга хэмжээгээр Pixel 11 цувралын утаснууд болон Pixel Watch 5 цагийг олон нийтэд анх удаа харуулах юм. Арга хэмжээг инээдмийн жүжигчин Тревор Ноа хөтлөн явуулах бөгөөд сагсан бөмбөгийн од Стефен Карри болон Алекс Купер нар тусгай зочдоор оролцох төлөвтэй байна. Google компани өөрийн YouTube сувгаараа дамжуулан Pixel 11 Pro, Pixel 11 Pro Fold болон Pixel Watch 5-ын талаарх богино хэмжээний танилцуулгуудыг аль хэдийн цацаж эхэлжээ.
Шинэ загвар ба үнийн төлөв
Энэ удаагийн арга хэмжээгээр Pixel 11, Pixel 11 Pro, Pixel 11 Pro XL болон Pixel 11 Pro Fold гэсэн дөрвөн төрлийн утас танилцуулагдах хүлээлттэй байна. Урьдчилсан мэдээллээр, эдгээр утасны үнэ өмнөх загваруудтай харьцуулахад өсөх магадлалтай байгаа бөгөөд Pixel 11 нь 899 доллар, Pixel 11 Pro нь 1,099 доллар, Pixel 11 Pro XL нь 1,299 доллар, харин Pixel 11 Pro Fold нь 1,899 долларын үнэтэй байж болзошгүй байна.
Загварын хувьд хамгийн онцлох өөрчлөлт нь "HiLight" гэх нэртэй шинэ технологи байх төлөвтэй байна. Энэ нь утасны арын камерын хэсэгт байрлах олон өнгийн LED гэрлийн систем бөгөөд утас дэлгэцээрээ доош харсан үед мессеж болон бусад мэдэгдлийг гэрлээр дохио өгч мэдэгдэх үүрэгтэй ажээ. Google өөрийн урьдчилсан захиалгын хуудсаараа дамжуулан энэхүү гэрэлтүүлгийн талаар бага зэргийн мэдээлэл өгсөн байна. Арга хэмжээг YouTube-ээр шууд үзэх боломжтой бөгөөд шинэ бүтээгдэхүүнүүд арга хэмжээ болсноос хойш сар хүрэхгүй хугацааны дараа худалдаанд гарах төлөвтэй байна.