Технологийн аварга Google компани удаан хугацааны турш хөгжүүлж ирсэн Google Assistant үйлчилгээгээ албан ёсоор хаахаар болсныг мэдэгдлээ. Тус компани хэрэглэгчдэдээ илгээсэн цахим шуудангаараа дамжуулан есдүгээр сарын 4-нөөс эхлэн Android төхөөрөмжүүд дээрх Assistant-ийн үйл ажиллагааг зогсоож, бүрэн хүчин чадлаараа Gemini хиймэл оюун ухааны систем рүү шилжихээ баталгаажуулсан байна.
Google-ийн зүгээс уг өөрчлөлтийг хийхээ өмнө нь мэдэгдэж байсан ч одоо ийнхүү тодорхой хугацаа тогтоосон нь хэрэглэгчдийн хувьд гэнэтийн шийдвэр болж байна. Анхны төлөвлөгөөгөөр Assistant-ийг 2025 оны сүүлээр хаахаар төлөвлөж байсан ч Gemini системийн бэлэн байдлыг хангаж, хөгжүүлэлтийг түргэтгэснээр ийнхүү хугацааг наашлуулжээ.
Есдүгээр сарын 4-нөөс эхлэн үйлчилгээг хаах үйл явц эхлэх бөгөөд энэ нь хэдэн долоо хоногийн турш үргэлжилж болзошгүйг тус компани дурдсан байна. Тиймээс Assistant-ийг үргэлжлүүлэн ашиглахыг оролдсон хэрэглэгчдэд боломж хэсэг хугацаанд үлдэх ч удалгүй сонголт бүрмөсөн алга болох аж. Харин аль хэдийн Gemini руу шилжсэн хэрэглэгчдийн хувьд ямар нэгэн өөрчлөлт гарахгүй юм.
Энэхүү шийдвэр нь зөвхөн гар утсаар хязгаарлагдахгүй бөгөөд ухаалаг цаг, чихэвч болон Android Auto ашигладаг автомашинууд зэрэг Google Assistant-тай холбогддог олон төрлийн төхөөрөмжүүдэд нөлөөлнө. Google-ийн ихэнх ухаалаг гэрийн төхөөрөмжүүд аль хэдийн Gemini системд шилжээд байгаа билээ.