Цахим хаягийнхаа нууц үгийг мартах эсвэл баталгаажуулах төхөөрөмжөө алдах нь хэрэглэгчдэд багагүй хүндрэл учруулдаг. Энэхүү асуудлыг шийдвэрлэх зорилгоор Google компани өмнө нь ашиглаж байсан сэргээх холбоо барих хаяг, нөөц код зэрэг аргууд дээр нэмэлт болгон селфи зураг ашиглах цоо шинэ боломжийг санал болгож байна.
Энэхүү шинэ функцийг ашиглахын тулд хэрэглэгч өөрийн царайг дүрс бичлэг болгон урьдчилан бүртгүүлэх шаардлагатай. Хэрэв та энэ тохиргоог хийсэн бол ирээдүйд аккаунтаа сэргээхэд өөрийн нүүр царайг ашиглан нэвтрэх боломжтой болох юм.
Гэвч энэ үйлчилгээ нь бүх төрлийн аккаунтад хамаарахгүй. Тодруулбал, Workspace аккаунт, хүүхдийн бүртгэл болон Google-ийн Нарийвчилсан хамгаалалтын хөтөлбөрт (Advanced Protection Program) хамрагдсан хэрэглэгчид селфи ашиглан нэвтрэх тохиргоог хийх боломжгүй юм.
Google-ийн зүгээс хэрэглэгчийн бичлэгийг өөрсдийн сервер дээр хадгалах бөгөөд нууцлалын баталгааг өгч байна. Тус компаниас мэдээлснээр, селфи бичлэгийг кодчилсон хэлбэрээр хадгалах бөгөөд хэрэглэгч өөрөө зөвшөөрөл өгөөгүй тохиолдолд өөр ямар нэгэн зорилгоор ашиглахгүй гэдгээ мэдэгджээ. Энэхүү функцийг идэвхжүүлэхээс өмнө өөрийн аккаунтын төрөл дэмжигдсэн эсэхийг шалгах нь зүйтэй.